Азийн Африк & APRRC

Хундан цагаан үүлсийн дээгүүр, хунан цагаан онгоц хөлөглөөд ахиад л арван мянган бээрийн өндөрт би энэхүү тэмдэглэлээ бичиж эхэлж байна. Бүтэн дөрвөн өдөр тасралтгүй үргэлжилсэн борооны дараа цэлмэг тэнгэр, нарыг олж харах мэдрэмж юутай сайхан. Ингэж хэлсний учир нь би амьдралдаа анх удаа борооны улиралаар 3000 гаруй арлаас бүрдэх Филипинд улсад ирээд буцаж байна.

Филипиний Манила хотод 7-р сарын 19-22-ны хооронд болох Ази Номхон далайн ротаракчидийн ээлжит цугларалтад оролцох гэж би энэ урт аялалд гарсан билээ. Өөрөөр хэлбэл Филипин орох онгоцны тасалбараа захиалах гэж байхдаа Зүүн Өмнөд Азийн орнууд хооронд хэчнээн хямдхан нислэг хийж болохыг олж мэдээд хуралд орохынхоо өмнө хэд хэдэн улсаар аялах хүсэл төрж, одоо үүнийгээ биелүүлээд явж байна. Энэ удаагийн Филипиний аялал маань үнэндээ өмнөх аялалуудаас шаал өөр байлаа. Арга ч үгүй биз дээ! Би ямар Филипинд аялах гэж ирсэн биш, хуралд суух гэж ирээд үзсэн харсан зүйлс бага зэрэг дулимагхан Филипинд хорогдон хорогдон буцаж байна.

Шөнө дундын нислэгтэй, хар үүрээр Манилад ирж, замдаа бага зэрэг чилээрхсэн би таван одтой тансаг зэрэглэлийн буудалд үйлчлэгчээр нь өргүүлэх шахуу үйлчилгээг авлаа. Нэг талаас зовсны эцэст жаргана гэдэг шиг, нөгөө талаас үнсгэлжин хааны ордон очсон юм шиг мэдрэмж надад тус зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөөний зэргэлдээхэн байрлах 11 давхарын тагтнаас далайг толидох мөчид төрж билээ. Ингэж л миний Филипин дэх super завгүй өдрүүд эхэлсэн дээ.

Далайн эрэгт өндөр том хясаа шиг гялалзан харагдах тус зочид буудлын өд шиг хөвсгөр орон дээр нүдний хор гаргах төдийд надтай хамт Монгол улсаас тус хуралдах оролцохоор ирсэн бидний хэсэг нөхөд Филипиний хэдэн арлаар хэсч хэсч ирээд өрөөний хаалга сэп хийтэл татсаар инээд хангинуулсаар орж ирсэн билээ. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Ази Номхон далайн Ротаракчидийн хуралд дэлхийн 20 орчим улсын 600 гаруй оволзсон их эрч хүчтэй, нийгэмдээ сайн сайхан төлөө зүтгэгч шижигнэсэн олон залуус нэгдсэн билээ. Ротари гэх энэ том “гэр бүл” голомтоо бадрааснаасаа хойшх нэгэн жарныг илээхдээ хариу нэхээгүй сэтгэлээр олон сайн үйлс бүтээсэн билээ. Хариу нэхээгүй гэж хэлсний учир нь тэд хийсэн бүтээснээ бусдад барагтаа л бол сурталчилдагүй. Тэгэх ч шаардлагагүй гэж үздэг. Хил хязгааргүй ротаракчид дэлхийн өнцөг булан бүрээс нэгэн зорилгын дор нэгдэж, хийж бүтээж хэрэгжүүлсэн өдий төдий ажлаас нь энгийн нэгэн жишээг иш татахад Тайваний Ротаракчид хараагүй иргэдэд замд таарах саад тотгорыг хэлж өгч, замчлах ухаалаг таяг бэлэглэх, үнэ төлбөргүй нүдний оношилгоо, хагалгаа хийх ажлыг Монголд хэрэгжүүлж эхлээд хэдэн жилийн нүүр үзжээ. Өнөөдөр Монголын ротаракчид улам бүр бүл нэмсээр 15 клубээр дамжуулан 600 гаруй залуус нийгмийн сайн сайхны төлөөх 100 гаруй төсөл хэрэгжүүлж байна.

IMG_4059
APRRC – District 3450 ( team from Hong Kong, Macao and Mongolia)

“Weaving a historic past, waving to a colorful future” уриатай энэхүү арга хэмжээ зөвхөн дөрвөн өдрийн хурал төдий биш улс орныхоо соёлыг залууст түгээх, манлайлалын чадварыг бэхжүүлэх, ротаракчууд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. Филиппин, Япон, Солонгос, Тайланд, Австрали, Малайз, Сингапур гээд Азийн улс орны ротаракчид энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулахын төлөө өрсөлдөнө. Манай Монголын хувьд ирэх жил Тайванд болох Ази Номхон Далайн Ротаракчдын хурлын үеэр 2021 онд Монгол улсад энэхүү хурлыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр төлөвлөж байгаа билээ. Филиппинд болсон хурлын үеэр ротарактчид Монголын тухай мэдэх хүсэл сонирхол ихтэй байдаг нь харагдаж байлаа. Хэрвээ Монголд энэхүү хурал зохион байгуулагдахаар болвол мэдээж хэрэг их ажил биднийг хүлээж байгаа ч энэ хэрээр улсаа бусдад сурталчлах алтан боломж болох билээ.

Миний хувьд ротарактийн тухай өөрийнхөө ойлголтыг гүнзгийрүүлж, халуун дулаан уур амьсгалтай эрч хүчтэй залуусаас бүрдэх энэ том гэр бүлийн нэг эд эс нь болж байгаадаа талархмаар санагдсан билээ. Хурлын хувьд товчхондоо ийм байлаа. Одоо Филипин улсын тухай надад төрсөн сэтгэгдлээ хуваалцая.

IMG_3951
Struggles for Filipinos 

Ер нь бол ийшээ тийшээ аялахаар төлөвлөж байгаа бол аль болох зохион байгуулалттай аялалаас татгалзах нь зөв юм байнаа гэдгийг хатуу ойлгож авлаа. Филипинд тансаг сайхан газар байрлаж, амттай хоол (Өглөөний хоол их сайтай байсан шүү! кккк) идсэн ч ер нь бол аялагч хүний хувьд хайнга хувцаслаад үүргэвчээ үүрээд нийтийн тээвэрт нь чихэлдээд гудам метрлээд явж байх шиг жаргал байдаггүй юм байна. Өөрөө хамаг юмныхаа учрыг олох гэж хичээгээд хайж хайж олсон газраа хараад жаал зураг даруулж баярлах, хөлөө цэврүү үсэртэл гадуур тэнээд умгар жижигхэн дэм буудалдаа ирээд орчин нь онцгүй байна гэдгийг ч анзаарах сөхөөгүй унтах шиг жаргал миний хувьд одоохондоо бол үгүй мэт санагдлаа. Яагаад гэвэл би ингэж явах үедээ хэдий цөөхөн хоног ч гэсэн тэр нийгмийн нэг эд эс болж, хэн нэгний надад харуулах гэж бэлдсэн цонхоор биш өөрийнхөө олж нээсэн тэр өчүүхэн жижигхэн цонхоор тэр соёл, тэр нийгмийн толидон харах ямар сайхан байдгийг ойлголоо. Хуралд оролцож байгаа орон орны залуустай хамт далайн эргийн хог түүж, мод таричихаад буцах замдаа автобусны цонхоор Филипинчүүд ч тэр бүр өөрсдөдөө суудаггүй манайхны микро маягийн донж маягтай жийпэнд гар өргөж суугаад хөлс хир нь үнэртсэн тэр нэг хүмүүстэй хэдий муухай байсан ч тэвчин тэвчин суугаад хүрэх газраа дөхөж ирээд одоо бууяа гэж хэлээд буухыг ямар их хүсвээ. Энэ мөрөөдлөө үлдээгээд эргэж ирэхдээ заавал тэр тэргээр зорчино доо гэж бодоод буцаж байна.

Цаг агаарын хувьд Филипин чийглэг болон хуурай гэсэн хоёр улиралтай ба 3-р сараас 11 сар хүртэл борооны улирал буюу хуурай улирал нь таардаг. Хамт хуралд оролцсон Филипин хүүхдүүд “Манайд хоёр л цаг агаар байдаг юмаа, бороотой бас хэт их бороотой” гэж наргиж билээ. Хэт их борооны улмаас амьтад ичээндээ орж, гадарга дээрх цэвэр усны хэмжээ багасч, тариан талбай үерт автдаг учраас тэр үеэ хуурай улирал гэж нэрлэдэг юм билээ. Хачин байгаа биз! Багийн минь найзын гярхай нүдээрээ олж харсан тайлбарыг бид хоёр дөрвөн нүдэндээ итгэхгүй дахин дахин уншиж билээ. Хар ухаанаар бодоход уг нь “Нойтон” улирал нь л баймаар тэ? Шууд утгаар нь англиас Монгол руу орчуулсан чинь нэг тийм шууд бус утга руу шилжчихэв үү? Яав?

Ер нь намайг аялалд гарахын өмнө халуун зунаар урагшаа яваад чи ч халууцах нь дээ гэж хэд хэдэн хүн хэлсээн. Тэр нөхдүүдэд хандаад хэлэхэд би бол даарсөөн. Халуун оронд халуун зунаар даарч бас хүн үздэг л юм байна. Орон орны найзуудтай оройжин танз эргээд үдшийн намууханыг мэдрэхээр сүүдрэвчин доор хөлөө жийгээд бороо шаагихыг сонсож суухдаа би бодсон “Дөрөв хоногийн борооноор барагтай л бол эморидоггүй би ингэж эморч байхад зургаан сар усан бороон дунд амьдрахдаа эндэхийн иргэд юу боддог бол гэж?”

Борооны улирал чинь муухай юм байна лээ хамаг гутлын чанар шалгаад өмсөх ч юм олдохгүй. Өмд, цамцгүй явж байсныг ч хэлэх үү өдөржин л дараастай. Бороонд норж бараг дулаацаад байгаа юм биш үү? Норчихоод л дотор орохоор өөдөөс хүйтэн сэнсээр үлээлгээд л хүйтэн усаар үйлчлээд наачихаж байгаа юм чинь…

IMG_3929

Даарснаас гадна бол Филипинчүүд надад яг Азийн Африкууд шиг санагдсан. Ярьж байгаа нь, байж байгаа нь ер нь харууд шигээ. Зүүн Азийн орнууд шиг ахуй аж төрөх нь заваан талдаа ч Индонез энэ тэр шиг исламын шашинтай биш. Хүн амынх нь 80 гаруй хувь нь католик, христийн шашинтай. Нийтээрээ өөр өөр шашинтай зөндөө их хүн хуралд орохоор ирчихсэн байхад юу ч болоогүй юм шиг бөөндөө хоол өгсөнд баярлалаа Амен л гэж авна шүү дээ. Энэ шашины нөлөө Филиппинчүүдэд Испанид 350 гаруй жил колони байхаас нь ирсэн гэж нэг танил маань хэлж билээ. Ер нь Филипинчүүд Америктай их ойрхон байсан гэсэндээ англиар бол сайхан ярина шүү. Тэр ч байтугай хууль нь англи хэл дээрээ байдаг гэж байна лээ. Орж гарахад их сүртэй шалганаа. Америк шиг буу эзэмшихийг зөвшөөрдөг болохоор орсон газар бүртээ нэгжүүлж, шалгуулаастай. Нэг хэсэг Америкийн цэргийн бааз байсан тус улс манай Орос ах нар гэдэг шиг л Америкчуудад хандана. Гэхдээ сүүлд гарсан Ерөнхийлөгч нь өөрчлөлт хийе гэж уриалаад л Америкуудтайгаа тэгж нэг их сүйлрэхээ болж байгаа гэж нутгийн залуу хэдэн үг хэллээ. Дүрслэх урлын музейд байсан нэгэн зурагнаас хөөрхий муу Филипинүүд чинь их зовлон үзсэн ард түмэн юм байна гэж ойлгож авав.

IMG_3682
Багын найз Н.Анужингийн хамт, Манила, 2018.07.19

Хурлын дараах хэсэгхэн хугацаанд надтай хамт одоо наадмын үеийн тааруулан дөрөв дэх жилдээ аялаж байгаа багийнхаа найзын хамтаар Манилатай хальт танилцах аялал хийж, энэ үеэр хоорондоо хэд гурван алхамын зайтай байрлах “Дүрслэх урлаг”, “Байгалийн түүх”-ийн музейгээр ороод гарахдаа Филипиний түүхийг мэдэх гэж аминдаа л их хичээж, олж авсан бяцхан мэдлэг минь гэвэл энэ.  Филипинд ирэх гэж төлөвлөж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Манилад биш цаад арлуудаар нь явбал үзэх харах зүйлс ихтэй улс шиг ээ. Ялангуяа Палаван гэж дэлхийн долоон гайхамшиг гэгдээд байгаа усан доогуурх ертөнцөөр аялаж Цебү орж далайн эргээр нь зугаалаад хийж болох зүйл ихтэй л юм байна лээ дээ.

2018.07.23 Манилагаас Хонг Конг орох замд онгоцонд бичиж дуусгав

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s