Балид өнгөрүүлсэн 7 хоног

Үдийн нар бүлээхэн төнөөөсөн цэлмэг нартай зуны нэгэн өглөө Кута дахь буудлынхаа тагтан дээрээсээ энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Мэлрэг цэцэгс хаа сайгүй хөлд гишгэгдэж, наранд борлосон улаан шар үстэнгүүд мөргөчих шахам зөрөлдөх мотоциклтай хамт холхилдон, тэднийг ажин суух худалдаачид гээд Кутагийн гудамж Балидаа хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нь. Хаалганаасаа эхлээд л хийцээрээ ялгарах Балигийн гудам эртний гэмээр олон арван барилга байгууламжтай. Дал мод, далайн давалгаа, дарвуулт завь гээд дурсамж дурдатгалаар дүүрэн нэгэн долоо хоногийн би Балид үдээд өнөө шөнө эндээс явах гэж байна.

Хааяа нэг намуухан шивсэх шившээ салхитай, бөгчим халуун ч биш Балигийн тааламжтай цаг агаар, бас дээр нь хямд үнэ хэдэн арван жилийн турш дундаж орлоготой жуулчдыг татах гол шалтгаан байсаар иржээ. Балиг зорин ирэх дөрөв таван сая жуулчдын дунд тоо нэмж, магадгүй улсаа төлөөлж ирсэн ховорхон хэдэн жуулчдын нэг нь би болон бидний хэдэн нөхдүүд. Ингэж хэлсний учир нь Монголоос ирсэн гэж хэлэхэд нь нүдэнд нь гайхшрал тодрон МОН-КО-РРРИА гэж нутгийн аялгатай англи хэлээрээ давтан хэлэх олон Баличуудыг энэ хэд хоног харлаа. Гаалийн шалганаар ороход анх мэндэлсэн байцаагчаас эхлээд энд тийм ч олон Монгол ирдэггүй гэдгийг хэлж билээ.

67661449-8458-45F3-B26F-7CA8CC82D881
White Frangipani – Цагаан мэлрэг цэцэг – 鸡蛋花 (Магадгүй энэ цэцгийг харах бүртээ би Балиг нэхэн санах байх)

Балид ирэхээс өмнөх миний сэтгэгдэл дурлалт хостойгоо ирж цаг өнгөрөөдөг хайртай хосуудын бал сараа өнгөрүүлдэг газар мэтээр л санаж сэтгэж байлаа. Энэ сэтгэгдэл надад хаанаас ирснийг хэлж мэдэхгүй ч нэхэн санахнээ “Балид болсон явдал” гэх Солонгосын драмагаас ч авсан байж мэдэх юм шиг санагдлаа. Ийм л сэтгэгдэлтэй би энэ газар анх ирсэн билээ.

Сингапурын шил толь шиг цэлгэр том онгоцны буудлаас Балигийн Денпасар хотын Ngurah Rai онгоцны буудалд буухад надад Буянт Ухаагийн онгоцны буудалд бууж байгаа мэт нэг тийм цомхон мэдрэмж төрж билээ. Манай улсын хамгийн жижигхэн аймаг болох Говь-Сүмбэр аймагтай газар нутгийнхаа хэмжээгээр чацуу энэ арал дээр Монгол улсын нийт хүн амаас нэг саяар илүү буюу 4 сая Индонезүүд амьдарч, мөн тооны жуулчид бас мөн тооны тээврийн хэрэгсэл холхилдсноос үзвэл Бали хөл хөдөлгөөн, түгжрэл ихтэй газар гэдэг нь танд илэрхий санагдана буй заа. Энд метро гэж байхгүй, нүдний гэм мэт үзэгдэх ховорхон нийтийн тээврийн хэрэгсэлтэй. Хүн бүр өөрийн гэсэн унаатай, хангалттай машин байгаа учраас нийтийн тээврийн салбар нь огт хөгжөөгүй гэж хэлж болно. Эндэхийн гол унаа нь хоёр машин арай ядан зөрөлдөх нарийнхан зам дээр зам сүлжин давхилдах мотоцикл. Өдрийн 70 мянган рупигээр мотоцикл түрээслэж унах нь тээврийн хэрэгслийн хувьд хамгийн хямд сонголт. Такси унаагүй бол тэгээд ийшээ тийшээ явахад тун хэцүү.

IMG_2732
Once in Bali meet with Johnny Depp

Гудамж талбайн хаягжилт нь нарийн сайн хөгжөөгүйн дээр, аалзны тор шиг битүү нарийн шавсан Балид зам харилцаа бол хамгийн асуудалтай зүйлийн нэг мөнөөсөө мөн. Гэхдээ олон жил жуулчдад үйлчилсэн газар гэсэндээ танд хөгжилдөж зугаацуулах зүйлс үй түмээрээ. Миний хувьд 100 гаруй доллараар ууланд авирч, хотоор зугаалж, делфин харж, далайн ёроолоор алхаж, рафтинг хийж үзлээ. Жуулчдад зориулсан үйлчилгээ нь Вьетнам шиг гудамжны өнцөг булан бүрт байрлах мэдээллийн булангаас очоод асуухад л танд буудлаас нь очиж авч, хүргэж өгөхөөс эхлээд цогц үйлчилгээг санал болгоно. Хамгийн гол үнэ хаялцах нь чухал шүү. Үнэ хаялцахдаа гуравны нэгд нь тулсан үнэ хэлвэл зүгээр. Аяндаа та хангалттай бага үнэ хэлбэл “Босс мэдэж байгаа”, “Би дампуурна шүү дээ” гэж ирээд л царай нь бараагаад эхлэнэ. Гэсэн ч та санаа зовох зүйлгүй энэ үнээрээ бараагаа авч чадвал шударга наймаа хийж чадлаа гэж санаарай.

Бали бол бүхэлдээ үнэ хаялцааны газар.

Хоол хүнсний хувьд Индонез маягийн хоол ихэнх жуулчид таалахгүй амттай. Жуулчдад зориулсан ресторанд доод талын хоол 100 мянган рупи буюу 10 доллароос эхлээд л явна даа. Гэхдээ энэ үнээс хямд хоол сайн хайвал байж л байгаа. Бас хамгийн хачирхалтай нь Балид үнэндээ жимс, ногоогоор ангаж цангаад буцаж байна. Арлын оронд жимс нь хямд баахан жимс идэж байгаад л ирэх мэтээр санасан минь өрөөсгөл ойлголт байжээ. Жимс зардаг дэлгүүр цөөтэй. Арал дээрээ ургадаг жимс ч ховор ихэнх нь гаднаас ирдэг учраас үнэтэй ч гэж жигтэйхэн дээ. Индомарет л гэх сүлжээ дэлгүүрт жимс байгаа гэж хэд алхаад таарах Мини марет, Сиркл К болон Алфамартын худалдагч нар хэлнэ. Хоол хүнс, тээвэр, үйлчилгээний хувьд товчхондоо нэг иймэрхүү.

867FAD0D-BFE0-4028-B688-3BDDF6C609E2
Religious ceremony (People in Bali)

Миний буусан буудлын ойролцоо Кута эрэг байх ба эргийн ус гүехэн сүртэй өндөр том давалгаатай учраас surfing  хийхэд их тохиромжтой газар юм шиг санагдсан. Жуулчид ч угаасаа энд тийм л зорилгоор их ирнэ. Миний нүдээр бол өмнө нь үзэж байсан далайгаас хамгийн сайхан нь санагдсан бол замд танилцсан Египт эндэхийн далайн эргийн онцгүйг их гайхаж билээ. Эхэлж ирсэн өдрөө 40К рупигээр сандал түрээслэж наранд биеэ шарж хэсэг хэвтлээ. Хоёр хоног сайхан нарлаж хэвтсэнийхээ дараа Балитай танилцах ажиллагаа эхэлсэн дээ.

Аялалынхаа гурав дахь өдрийн үүрээр бид Балигийн хойд хэсгийн Lovina далайн эргийн орчимд дельфин харахаар явлаа. Хөвөө хязгааргүй далай, тэнгэрийн хаяатай нийлэх цагт алтан шаргал туяа цацруулан нар мандах чөлөөнд далайн мандалд хөвөн гарч ирэх загасны үй түмэн түрсээр дельфин хооллохоор өдөр бүр нэг тогтсон газраа тогтсон цагтаа яг л болзоонд ирж байгаа мэт сүргээрээ усны мандалд гарч ирдэг аж. Яг энэ үеийг нь нутгийн иргэд овжиноор ашиглаж жуулчдад зэрлэг дельфин харуулан хөтөлбөр болгожээ. Манайхны морь уралдахтай л адилхан 100 ямаанд жаран ухна гэдэг шиг 100 гаруй завь далайн дээр хөвж, дельфин гарч ирсэн тэр чөлөө рүү ухас ухас хийнэ. Завин дээрээ утсаа барин зогсох жуулчид дохисон газар бүр лүү хараагаа бэлчээж, дельфин хөвөөнөө гарч ирэх тэрхэн мөчийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж дор бүрнээ хичээцгээнэ.

A8A0C6AD-BF1A-4B65-BD6A-815DBE3E5DC6
Wild dolphin trip at Lovina beach

Энэ аялалынхаа дараа бид Балитай танилцах бүтэн өдрийн арга хэмжээнд оролцсон билээ. Шөнийн хоёр цагт боссон нойрмог хүмүүс нэг газраас нөгөө газарт хүрэх чөлөөгөөр дутуу нойроо нөхөхийг хичээнэ. Дельфин харсны дараа бид Балигийн төв хэсэгт байрлах 300 метрийн өндрөөс унах Munduk and Mellanting хүрхрээ болон уулын тагт дээр байрлах хоёр ихэр нуурыг харсан билээ. Тэр нуурын нэгийг нь Буян гэж нэрлэх нь сэтгэлд дотно санагдаж билээ. Нуур харахаар ирсэн жуулчдад савлуур дээр суух, шувууны үүрэн дотор орж суугаад зургаа авхуулах зэргээр нутгийн иргэдийн тусгайлан зассан тавцанд аялалынхаа дурсамжийг мөнхлөх гэсэн жуулчдаас хэд гурван цаас төвөггүйхэн салгаж дөнгөнө.

Индонез улсын хүн амын 80 гаруй хувь нь Исламын шашинтай бол Бали арал Хинди шашинтай үндэсний цөөнхийн амьдардаг гол хэсэг. Эндэхийн ихэнх байшин барилга, айлын хувийн орон сууц хүртэл сүм гэж эндүүрмээр тийм сүртэй нутгийн онцлогийг шингээсэн барилгатай. Бали арлын эдийн засгийн 80 гаруй хувийг жуулчлалын салбар бүрдүүлдэг учраас эндэхийн бүх хүн ямар нэгэн байдлаар жуулчлалын салбарт үйлчилнэ. Орчуулагч, хөтөч, тогооч, жолооч, зуучлагч, зураач, урлаач, барималч гээд жуулчдад зарж борлуулж болох бүх төрлийн үйлчилгээг энд санал болгоно.

IMG_2960
Munduk and Mellanting waterfall in Bali

Нуур үзсэнийхээ дараагаар Балигийн алдартай сүм болох нуурын эргийн сүм буюу Ulun Danu сүмийг үзлээ. Биднийг очих үеэр шашны ёслол таарч сүрлээр босгосон дуган маягийн суваргууд бүхий сүмд цагаан шарыг хослуулан өмссөн нутгийн иргэд цэцэгсээр бурхандаа өргөл өргөж, будаа духандаа наацгах ажээ. Хөл хөдөлгөөн болсон энэ сүмд 50К рупи төлж орсныхоо дараа хүний хөл багатай буйдхан сүм Pura Taman Ayun сүмээр орж гарлаа. Балигийн тухай нетээс хайхад гарч ирсэн анхны зураг нь энэ сүмийн хаалга байсан учраас яагаад ч юм орж үзмээр санагдаад группээсээ ганцаараа орж харлаа. Венгвүгийн эзэнт улсын үед хааны аж төрдөг өргөө байсан энэ газар үүдэндээ сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй орохыг хориглоно гэж бичснээс нь үзвэл ихэд л ариун дагшин газар бололтой.

IMG_3322
Бас ийм юм байна! Цаа чинь

Аялалынхаа дараагийн өдөр би далайн ёроолоор алхаж үзлээ. Сэлж чадахгүй миний хувьд энэ аялал сэтгэл зүйн багахан хэмжээний сорилт боллоо. 10 давхар байшинтай тэнцүү шахуу өндрөөс чөлөөт уналт хийхдээ ч би ингэж сандарч байсангүй. Яагаад ч юм дотор нэг л түгшүүртэй байж билээ. Хүн мэдэхгүй чадахгүй зүйлээсээ айдаг гэдэг шиг би гэгч хүн яаж далайн ёроол руу орно доо л гэж бодож суулаа. Биднийг авахаар моторт завь ч ирлээ. Бензиний үнэр ханхалсан моторт завь далайн давалгаанд донсолж, айхтай зэрэгцэн дотор муухай оргиод эхлэх вий л гэж бодож явлаа. Хэсэг явсны дараа далайн дундах усан онгоц дээр биднийг буулгаж, хүчилтөрөгчийн хий дамжих хоолойгоор холбогдсон 25 кг жинтэй сансарын нисгэгчийнх шиг том малгайг толгой дээр минь давиад шумбагчийн хамтаар далайн ёроол руу орлоо. Онгоцонд нисч байгаа аятай чих дүнгэнэ. Амаараа ярихгүй хамраараа амьсгаа аваарай гэж хэлсэн хэдэн үг, аюулгүй ажиллагааны хэдэн дохиогоо толгойдоо эрцүүлсээр нэг мэдэхэд хөл элсэн дээр бууж, далайн ёроолд тусгайлан зассан явган хүний зам дээр тулж буух нь тэр. Замагт идэгдсэн заманд хөл хальтирч, биеэ бага зэрэг чангалж, бас л замаг болсон олсноос зуурч аваад харахнээ нүдний өмнө загас наашаа цаашаа сэлээстэй. Хүнд малгайныхаа өмнөх хэсгийг дарахгүй л бол дотор нь байгаа ус хариугүй хамар луу орох нь ээ. Нэг гараараа олсноос зуураад нөгөө гараараа малгайнаасаа зулгааж явтал шумбагч залуу уутанд хийсэн загасны хоол сунгаж байнаа. Арай хийж нөгөөхийг нь далайн ёроолд алхахаас гадна загас хооллох ажилтай боллоо. Урагшаа удаан удаанаар ганц нэг алхалахад хажуугаас ахиад нэг шумбагч зураг авна. Эргэн тойрноо хэсэг ажвал арзгар далайн шүр, хясаа дэргэдүүр нь өнгө алагласан хэсэг загас  холхилдоно. Явах зам маань ахархан байсныг ч хэлэх үү уйдах дөхөөд ирж байтал хамт байсан нөхдийг маань нэг нэгээр нь тэврээд дээш нь гаргаж байнаа. Би гэгч хүн ээлжээ хүлээн хүчилтөрөгчийнхөө баган дотор далайн ёроолд сандрахгүйг хичээн амьсгалсаар л…. Хэсэг хугацаа өнгөрсний дараа миний ээлж ирээд шумбагч залууд тэврүүлээд дээшээ сэллээ. Төд удалгүй нөгөө усан онгоцны ёроол харагдаж, авирах хэсэгт нь хөл гараа хүргээд санаа амарч билээ. Усны мандалд гарсны дараа сая нэг даарснаа анзаарч goose bump тодорч эхлэв ээ. Ингэж нэг сэлж чадахгүй хэрнээ далайн ёроолд мөрөө үлдээсэн дээ.

IMG_3326
Pura Taman Ayun Temple

Ууланд алхсан минь

Заримдаа хэт их хүлээж найдсан зүйл биелэдэггүй шиг галт ууланд авирч, битүү үүл манан дээгүүр мандах нарыг, Бали арлыг бүхлээр нь дээрээс нь харна гэж найдсаар шөнийн 2 цагт ууланд авирах аялалд нэгдэв ээ. Бидний очих үеэр Балигийн хамгийн өндөр оргил Агунг галт уул идэвхжсэн учраас тийшээ хүмүүс явуулахгүй, хоёр дахь өндөр оргил буюу далайн түвшнээс 1700 гаруй метрийн өндөрт байрлах Бату ууланд авиралт хийхээр явлаа. Гэвч хүсэхэд хясна гэгчээр зүсэр бороо шивэрсэн нэгэн өглөөтэй бид таарчээ. Буудлаас хөдлөөд хэдэн цаг болсны дараа өглөөний 4 цагт бид уулын бэлд ирж, тэнд хэсэг саатахад хэрэндээ хөөрхөн даарч амжив. Богино шорттой нарны малгай, нарны тосоо барисан бидний гурван нөхөд яагаад ч юм халуун байна л гэж төсөөлж л дээ. Ууланд авирахад бие халж сайхан дулаацлаа. Уван цуван яваа авирагчдын урдаа тусгах гар чийдэнгийн туяа харанхуйд урт гэгчийн гэрэлт луу явж байгаа мэт уран харагдах ажээ. Харанхуйд ууланд алхахад яагаад ч юм сүрдмээр өндөр том асга өөд мацаад ч байгаа юм шиг санагдаж билээ. Шил шилээ дагасан тэр олон жуулчид уулын орой дээр очоод багтддаг л байгаа даа гэсэн бодол ууланд авирах замд түгжирч зогсоход минь төрсөн билээ. Уулын орой дээрээ эцэст нь нэг хүрлээ. Битүү өтгөн манан, бээрч бөөвийсөн хэдэн жуулчин л харах шив. Энэ аялал хамгийн өндөр хөлс буюу 500К рупи төлснийг минь яанаа. Халуун оронд ирээд ингэж даарах чинээ ч санасангүй. Өглөөний 6:30 цагт мандах нар ч харагдахаасаа өнгөрч дээ гэх гашуун үнэнтэй уулын орой дээр гараад цаг гаруй хүлээсэн хэсэг жуулчид эвлэрч, ууланд авирсан гэх нэр төдий зүйл болоод урам муутайхан уруудаж билээ. Гэхдээ эерэг өнцгөөс нь харвал ганц өдөр дасгал хөдөлгөөн хийсэндээ бие бага зэрэг буларсан байсаан. Аялал бүр дандаа чихэр шиг сайхан амттай байна ч гэж юу байхав дээ. Тэ?

4B8C49EA-6F6C-43EF-971D-B5E2F1C3E547
Ulun Danu Temple

Усчин болсон минь

Балид ирсэн хэнийг ч бай заавал энэ аялалд хамрагдаарай гэж зөвлөмөөр санагдсан. Миний хувьд 330К рупигээр энэ аялалд хамрагдаж хүчтэй ширүүн урсгалтай голоор 20 км замыг 3 цаг завиар тууллаа. Бали арлын гол хэсэгт байрлах Ayung голын урсгал рафтинг хийхэд хамгийн тохиромжтой ажээ. Эхэндээ намуухан зөөлөн урсгалтай байснаа дунд хэсэгтээ битүү цагаан давалгаа, голын  хүчтэй урсгалд хийлдэг завь маань хад мөргөж, бид BOOM BOOM гэсээр (Завьчны хэлснээр сайн бариарай гэх дохио) олсноос тас зуурна, завь маань нэг хойш нэг урагш хөвж, бид урагш, хойш нэг хоёр гэсээр сэлүүрдэнэ. Завинд хамт суусан хамтрагч бүсгүйчүүдтэйгээ хамаг эрч хүчээ дайчлан харин нь ч нэг сэлүүрдэж өгсөн дөө. Жинхэнэ кайф гэж л би энийг хэлнэ. Дэргэдүүр өнгөрөх байгаль юутай үзэсгэлэнтэй гэж санана. Битүү өтгөн ногоон ой, Бали маягийн сүрлэн байшин, дал мод, хавцалаас урсан буух хүрхрээ гээд…

3D1C35CA-B5AC-4F3F-9CF3-389FA2ECA3BD

Завины хойно суух хөтөч залуугийн амнаас урагш гэсэн комманд гаргахгүйгээр бид өөрсдөдөө идэвхийлэн сэлүүрдсээр. Үе үе зогс командаар сэлүүрээ дээш болгоно. Хамгийн хяслантай нь урдах завиа хариугүй гүйцдэгийн даваа нь дээр хөтөч маань дандаа зогс гэж хэлнэ. Бидний хөтөч завь хад мөргөх үед завианаа унаж, завины хошуугаар хоёр таавчиг хөвж байгаагаар нь л хөтөчөө унасан гэж мэдэж билээ. Энэ хөгтэй явдалынхаа дараа таавчигаа авах гэж хэсэг сайхан сэлүүрдэж билээ. Голоор уруудаж байгаа завь хажуугаар өнгөрөхөд хоорондоо зориуд ус цацалцаж хэрэндээ хөөрхөн тоглоно. Хүрхрээн доогуур усанд цохиулж завиараа өнгөрөх, бас 4 метрийн өндөр хүрхнээс завьтайгаа унах гээд жинхэнэ экстрим аялалд дуртай хүмүүсийн заавал хийх зүйл мөн дөө. Гурван цаг рафтинг хийснийхээ дараа сая л нэг өөрийнхөө ядарсныг мэдэрч билээ. Рафтинг хийж байхад яагаад ч юм багадаа үзэж байсан ‘River Wild’ кино санаанд орж билээ.

Балигийн үдэшлэг

Балид ирэхээсээ өмнө л би далайн эргийн үдэшлэгт орно доо гэж төлөвлөж, өмсөх даашинзаа хүртэл өөртөө зориулж шинээр худалдан авч билээ. Хүслээ биелүүлж, харин ч нэг утгаар нь шоудсан даа. Эндэхийн хамгийн үнэтэй, хүн их ордог клубууд нь Finn’s, Kuteda, Potato Head далайн эргийн нээлттэй барууд байнаа. Би замд танилцсан нэг нөхрийн урилгаар Potato head beach club орж үзэв. Далайн эрэгт тусгайлан зассан дотроо усан сан бүхий тус клубийн тохижилт нь надад их таалагдсан. Бас Балид идсэн хамгийн амттай хоолыг Skygarden club-т идэж үзлээ. Үнэгүй юманд нугасгүй гэдэг шиг эмэгтэйчүүдэд оройн 9-11 цагийн хооронд орох тасалбар үнэгүй ороод 21 цаг хүртэл уух юм нь үнэгүй, хоол нь үнэгүй ийм нэг клубт орж шавиагаа ханатал бүжиглэсэн дээ.

82E4CC85-2893-4657-8492-0117A19DBF9E
Idea: Уйм хөөрхөн цомхон буудал байна

Дараа дахин уулзана аа! БАЛИ

Эцэст нь дүгнэж хэлэхэд Бали нэг ирж үзэхэд гэмгүй газар шиг санагдлаа. Үнэ хөлс нь ч бас тийм ч үнэтэй биш. Далайн эрэг дээр биеэ шараад хэвтэж баймаар боломжийн газар юм шиг. Магадгүй үүх түүх талаас нь хөөж судалвал бас илүү сонирхолтой ч юм шиг. Хэрвээ эргэж ирэхээр бол хостойгоо хамт ирнэ гэсэн бодол тэгээд буцаж байна даа.

2018.07.18, 23:25 Балигийн Кутад бичиж эхлээд Манила орох онгоцонд бичиж дуусгав.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s