Азийн бар улсаар аяласан тэмдэглэл

Арван мянган метрийн өндөрт агаарт энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Өөрөөр хэлбэл Сингапураас Бали орох хоёр цаг хагасын нислэгийн үеэр Scoot Airlines дотор Боунинг агаарын хөлөг дотор тэмдэглэлээ бичиж эхлүүллээ. Замын минь хань болон хажууд зэрэгцэн суух том биетэй алиа маягийн Лебонон нөхөр Финланд эхнэрийнхээ хамтаар мөн л амралтаа Балид өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Би аялалын тэмдэглэлийг мөнөөх л уламжлал ёсоороо буцах замдаа бичиж байна. Энэ удаагийн аялал маань нэг сарын хугацаанд олон газраар орох учраас очсон улс бүрийнхээ дараа тус тусад нь бичихээр шийдсэн билээ.

Куала Лампураас нисээд л буух төдийд би дэлхийн хамгийн тансаг онгоцны буудалд газардсан билээ. Лаванда цэцгийн анхилам үнэр ханхийсэн зорчигчдийг угтах танхим, хөл доороос түших мэт хөвсөлзсөн зөөлөн хивсээр надаас ч олон улсаар аяласан хөх чемадонаа чирээд “Би л нэг аялагч” гэсэн шиг тодоос тод тамгатай хайш яайш ханга хувцасласан нөхөр Чанг И нисэх онгоцны буудалд алхалж явсан нь би.

IMG_8746
Сингапурын Чанг И олон улсын нисэх онгоцны буудал дээр, 2018.07.07

Анх нисэх онгоцны буудалд буусан сэтгэгдлээсээ эхлээд аялал дуусах хүртэл Сингапурын надад өгсөн мэдрэмж үсээ цэмцийтэл самнаж, оо энгэсэгээ түрхээд гоёлын даашинзаа өмссөн бүсгүйтэй танилцаж байгаа мэт тийм л байлаа. Ингэж хэлсний учир нь улаан хивсний ёслолд оролцож байгаа мэт тийм чамин тансаг хувцасласан сайхан бүсгүйг найрах гэж залуус чамгүй зоос үрдэг шиг би гэгч хүн энэ улстай танилцах гэж хэрэндээ хөөрхөн хэд гурван цаас цааш нь харууллаа.

This slideshow requires JavaScript.

Сингапурын төв хэсэг

Сингапур улс үнэндээ Дубай маягийн тансаг, цэвэрхэн, тэгээд бас өртөг өндөртэй хот байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Британийн колончлолын үед худалдааны боомт байсан энэ газар тусгаар улс болж, өнөөдөр дэлхийн санхүү эдийн засгийн худалдааны гол төв болтлоо огцом үсрэлт хийж, Азийн бар улс болтлоо хөгжиж чадсан энэ улсын нэг жаран ч хүрэхгүй ахархан түүхийг сонирхох судламаар санагдлаа. Бас цайны цагаар багштайгаа Сингапур чинь Вашингтоны нэг дүүргээс ч жижигхэн шүү дээ гэх хууч яриа, Ерөнхийлөгчийнхөө “Сингапур шиг хөгжие” гэх уриа үгс толгойд цухас орж ирж байсныг нуух юун.

Нисэх онгоцны буудлаас хотын төв орох замдаа хэд гурван үг солисон Хятад өвөө Мандаринаар бага зэргийн аялга оруулан ярихаас эхлээд Хятадууд ихтэй газар байна даа л гэж бодож билээ. Нээрээ ч судлаад үзвэл тийм л байсан. Хүн амынх нь 70 хувь нь Хятад үндэстэн, үлдсэн хувь нь Энэтхэг, Малай үндэстэн байх ба Сингапур улс албан ёсны хэлээрээ Англиас гадна Хятад, Хинди, Малай хэлийг нэрлэж улсынхаа мөнгөн тэмдэгтээс эхлээд метроны буудалд энэ дөрвөн хэлээрээ тайлбар хийх ажээ. Халаасан дахь хэдээ хэмнэх гэсэндээ энэ удаад ая тухыг чухалчилсангүй хотын захын Энэтхэг хороололд хоног төрүүлэх нэг газар олоод гурав хоног Сингапурын гудмыг харин ч нэг сайн метрлэсэн дээ.

This slideshow requires JavaScript.

Little India буюу хотын захын Энэтхэг хороолол

Энд ирсэн өдрийнхөө эхний орой хотын захын хорооллоос хотын төв рүү нэг цаг гаруй алхаад л хотын хамаг гайгүй үзэж болох газруудаа үзчихлээ. Исламын сүм, Үндэсний Галерай, Раффлесийн хөшөө, Мерлион парк(нөгөө загасан сүүлтэй амнаас нь ус олгойдоод байдаг арслангийн хөшөө), Марина Бэй(Завь шиг хэлбэртэй 3 өндөр байшин) гээд л үдшийн салхилалт маань тун дажгүй болчихлоо шүү. Хаалгаар гарахдаа онгоцны үзүүлбэртэй таарч, хотын төв ороод лазер шоу, ёслолын буудлага, задгай талбайн тоглолт үзчих вээ. Амралтын өдөр байсан болоод ч тэр үү энэ хавиар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сүүлд мэдэхнээ Марина Бэйд орой бүр 9 цагаас гэрлийн шоу болдог юм билээ.

Стамфорд Раффлес

Энэ хүнийг мэдэхээс өмнө би Бөмбөгөрийн ард талын Раффлес институтыг л мэддэг байлаа. Тэгсэн нөгөө С1 телевизтэй залгаа орших институт маань орчин үеийн Сингапурын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж, өнөөгийн Сингапурын хот төлөвлөлтийг хийсэн нөхөр Стамфорд Раффлесийн нэрээр нэрлэгдсэн байжээ. Түүний хөшөө Сингапурын төвд Викториа театрын урд хотын төв хэсгийн тэнгэр баганадсан өндөр барилгуудыг толидон харан зогсох ажээ.

IMG_1300
Виктория театрын өмнөх Стамфорд Раффлесийн хөшөө

Sentosa — Full of Fun

Хороололд автобусаар явахад “Дараагийн зогсоол Сентоза” гэж танилцуулахыг та өмнө нь сонсож л байсан байх. Харин энэ газар бол Сингапурт ирсэн хүн заавал очих ёстой магадгүй Сингапурын цорын ганц арал билээ. Танилцуулга дээрээ

“Нэг ирэх хэзээ ч хангалттай биш”

гэж бичсэн энэ арал дээр элдэв янзын хөгжилдөх зүйлс үй түмээрээ байх бөгөөд бид Universal Park-ийг сонгож нэг өдрийг тэнд өнгөрөөлөө. Үзэж харах зүйлс тийм ч олон биш ч энд бол нэг тоглоомоос нөгөө тоглоом руугаа суух гэж оочерт бага зэрэг цаг зарцуулна. Өмнө нь энэ маягийн паркаар орж үзээгүй миний хувьд тасалбарт төлсөн 76 синга доллар буюу 150 орчим мянган төгрөгтөө хүрэхүйц үйлчилгээ авч чадсан гэж бодож байна. Бага насны хүүхэд гэхээсээ илүүтэй өсвөр насныханд илүү тохиромжтой сонирхолтой газар юм шиг санагдсан.

Зүүн Өмнөд Азидаа цорын ганц гэгдэх энэ паркт Universal-ийн хийсэн Madagascar, Shrek, Transformers, Jurassic Parks болон Эртний Египтийн үзүүлбэрүүд байх аж. Юниверсалын парк 2020 онд Бээжинд нээгдэх гэж байгаа гэдгийг тус паркийн толгой компани Comcast-ийн гүйцэтгэх захирал Brian L. Roberts-ын Цинхуагийн оюутнуудад хийсэн ярианы үеэр л сонсож байснаас биш өөрөө ингээд тэдний паркаар үйлчлүүлээд хөгжилдөөд явж байх юм чинээ санасангүй. Ер нь ийшээ ирэхээр төлөвлөж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бүтэн нэг өдрийг зөвхөн энэ ажилд төлөвлөсөн нь дээр болов уу.

IMG_1966
Буддагийн шүд сүм

Бидний хувьд өглөө эрт очоод 6 цагт хаахаас нь өмнө гараад Сентосагийн далайн эргээр хэсэг зугаалж байгаад буцсан билээ. Сентоса руу явахад Harbour Fort гэсэн буудлаас нэг доллараар автобусанд сууж болно эсвэл 4 доллар төлөөд Сентоса экспрэсст суусан ч болох юм байна лээ. Арал доторх 4 метроныхоо буудал хооронд Сентоса экспресс үнэгүй үйлчилнэ. Бас Сентоза дээр Hiking хийж хамгийн өндөр цэгт нь гараад Сентоса Мерлион арслангийн хөшөө Сингапурыг харж байгаа тэр төрхийг нүдээрээ харах юмсан гэсэн хүслээ үлдээгээд буцаж байна даа. Сентосагийн том арслантай хөшөөг Imbiah буудал дээр буумагц л харах боломжтой. Үүнд бол танаас ямар ч мөнгө гарахгүй шүү. Бас таны аялал долоо хоногийн хоёр дахь өдөр таарч байгаа бол амралтын өдөр нь захиалга өгөөд усан дээрх тийрэлтэд төхөөрөмж зүүгээд нисч бас болох л юм байна лээ. Үнэ нь 100 гаруй сингапур доллар байсан санагдаж байна.

IMG_1935
Буддагийн шүдийг алтан суваргад хадгалаж, сүсэгтнүүдэд үзүүлнэ

Аялалынхаа гурав дахь өдөр бид байгальд ээлтэй шилдэг технологи гэдгээрээ алдартай Supertree Grove буюу модны хэлбэртэй том том хөшөө бүхий Gardens by Bay цэцэрлэгт хүрээлэнгээр зугааллаа. Supertree Grove-ийн жижигрүүлсэн хувилбар Цинхуагийн барилгын сургуулийн өмнө байрладаг ба үүний хажуугаар явах болгондоо “Энэ мод Сингапурт байдаг ш дээ нээрээ! Тэгж байгаад нэг очиж үзнэ дээ” гэж бодож билээ. Зурвасхан бодол минь амьдралд биелэлээ олсны ахиад л нэг жишээ. Бодол хамгийн хүчтэй гэж…

IMG_1947
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатаар өгсөх сандал, Буддагийн шүд сүмд, 2018.07.09

Мэдэхэд илүүдэхгүй

Нэг хүнд ногдох ДНБ-ийнхээ хэмжээгээр дэлхийд гуравт орох энэ завгүй газар амьдрахад ер нь өртөг өндөртэй. Өртөг өндөртэй гэдэг нь Бээжинд амьдарч байгаа миний хувьд хэлж байгаа бодол. Бас хамт сууж байгаа Европт амьдардаг хоёр хос ч бас үүнийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаагаас харахад наашаа аялах гэж байгаа бол нэгдүгээр санхүүгээ сайн тооцоолоорой л гэж хэлэх гэсэн юм. Автобус нь явах газраасаа хамаарч үнэ тогтох ч 3 км-ээс доош бол 1.5 синга доллар буюу 2400 орчим төгрөгөөр зорчих нь. Метро нь 5000 орчим төгрөг. Ер нь дундаж хоол 15-20 сингапур доллар буюу 25-30 мянган төгрөг. Буудал бол Балид тансаг зэрэглэлийн хоёр давхар хоус түрээслэх мөнгөөр Сингапурт нэг жижигхэн умгар өрөөний ор л олдоно доо. 3-4 одтой зочид буудалд бууя гэвэл Бээжинд нэг сар хажуу өрөө түрээслэх мөнгө гаргах хэрэгтэй болох байх. Буудлаа эртхэн захиалбал хямд тусахаас гадна нааш цаашаа явахад төвөгтэй санагддаггүй бол Малайзын Жохорт байрлаад өдөртөө орж ирээд үзчихмээр л юм байна лээ.

IMG_2316

Сингапураар транзит нислэг хийх нь

Сингапурыг хальт үзээд гарая гэж байгаа хүмүүст бол Сингапурт өглөө буугаад шөнө нь нисэх транзит нислэг сонгоод онгоцны буудлаас санал болгодог хот танилцуулах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаад Сингапурыг үзэх боломжтой юм байна лээ. Гэхдээ хамгийн гол нь хилийн шалгангаар огт гарч болохгүй шүү. Гарахаасаа өмнө үйлчилгээний ажилтан дээр очоод хоттой танилцах аялалд нь бүртгүүлэх юм байна лээ.

За ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд өндөр өртөгтэй энэ хотод ажиллаж амьдармаар өөрийгөө бас сориод үзмээр санагдсан. Сингапур надад таалагдсан. Өнгөлөг, мөнгөлөг, өрсөлдөөнтэй залуу хүний хүчээ сорих л газрын нэг санагдсан даа. Хальт дайраад л гарсан хэд хоногийн энэ аялал маань надад мотиваци өгч өөрийгөө улам бүр хурцалмаар санагдлаа. За ингээд агаарын хил дээр Сингапурын хуулийг зөрчиж гурав хоног тэвчсэнийхээ эцэст хажуу дахь яриасаг нөхрийн дайлсан Финланд бохийг баахан зажилж зажилж сая нэг дуусгаад бахтай нь аргаггүй хаяваа гэж. Учир нь Сингапурт бохь зарах болон зажлах хуулиараа хориотой байдаг юм байна лээ. (инээв) Удахгүй Балигийн тэмдэглэлтэй эргээд уулзая! Улсынхаа их баяр наадмаар сайхан наадаарай!

17:43, 2018.07.10 | Сингапураас Бали орох замд, онгоцны бүхээгт

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s