Ар Монголоос Өвөр Монголд

Монголчууд ар, өвөр гэж хуваагдаад 70 даруй жил болжээ. Энэ хооронд бид өсч үржиж, харин тэд цөөрсөөр, соёлоо хадгалж үлдэхийн төлөө чимээгүй тэмцсээр… Харамсалтай нь аливаа их үндэстэнд бага ястан уусдагийн жишгээр өнөөдөр өвөрмонголчууд дунд Монголоор ярьдаг хүн улам бүр л цөөрсөөр…

Хятадууд 56 үндэстэнтэй гэж өөрөөрөө бахархах хэдий ч тэр дунд хэдийнэ устаж үгүй болсон, эсвэл зохиомол үндэстэн ч бишгүй гэх… Жишээлбэл, 200 гаруй жил Монголыг дарлаж, Хятадын төрийг эрхшээж байсан Манжууд өнөөдөр Хятадад нүдний гэм болж. Өөрийгөө Манж үндэстэн гэж танилцуулсан манай их сургуулийн багшийн хэлснээр өнөөдөр Манж хэл мэддэг 50 гаруй хүн байдаг гэнэ.

Хятадад 5 сая Монгол үндэстэн байдаг гэх ч Монгол хэлээ мэддэг нь 2 сая орчим ажээ.

Өвөрмонголд ирээд та гудамжаар явахдаа, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэхдээ Монгол хэл мэддэг хүнтэй таарах нь ховор… Өвөрмонголын нийслэл Хөх хотод гэхэд 2 сая хүн амьдардагийн 10 хүрэхгүй хувь нь л Монгол үндэстэн аж. Үүний харин тал хүрэхгүй хувь нь Монголоор ярьж чаддаг. Монголчууд голлодог аймаг, хошуу (манайхны сумтай статусын хувьд тэнцүү ч хөгжлийн хувьд Эрдэнэт, Дархантай дүйх… Зарим нь бараг Улаанбаатар шиг сайн хөгжсөн) ч улам бүр цөөрсөөр байгааг өвөрмонголчууд хэлж байлаа. Төрийн албанд голдуу хятадууд ажиллана, замаас зайдуу хошуу, суманд л Монголчууд голдуу… Зам дагуу бол ясны наймаачин Хятадууд ирээд эзэн суучихна. Хүүхдүүддээ Монголоор нь байлгах гэж Монгол сэтгэхүйтэй болгох гэж зүдэрч байгаагаа тэд хэлж байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт математик, физик зэрэг хичээлийг заавал хятад хэл дээр үзэхээр хуульчилаад өгч. Үздэг телевиз нь голдуу хятад хүүхэлдэйн кино, уншдаг дуулдаг мэдээ нь ч мөн голдуу хятад хэл дээр… Тэд зөвхөн Монголын тухай мэдээг л Монгол хэл дээр хүлээж авдаг гэж хэлж байлаа. Хэдий Одон телевиз Монгол хэл дээр нэвтрүүлэг, мэдээллээ цацдаг ч түүнийг үздэг Монгол хэл мэддэг Монголчуудын тоо бүдүүн бараг тоогоор бараг нэг сая хүрэхтэй үгүйтэй болжээ. Уг нь тэд 70 жилийн өмнө нэг саяулаа байсан гэх дам тоо байх. Харин тэр үед Монголчууд 500 мянга байжээ. Тусгаар улс байх хэчнээн сайхан гэж хэлээд Монголд очиж үзэх мөрөөдөлтэй гэдгээ хуваалах залуустай ч таарч байлаа. Монгол орж гарах боломжтой хэд нь Чингис хаанаа бурхан шиг тахиж, Бурхан Халдунд жил бүр очиж мөргөдөг гэх…

Хөвөөт шарын сүмд
Хөвөөт шарын нэгэн сүмд

Албан ёсны тоогоор Хятадад 5 сая Монгол үндэстэн байдаг байна. Энэ нь Юннань (云南)зэрэг урд мужийн Монголчуудыг оруулсан тоо, бас зарим Хятадууд ч бас үндэстнээ шилжүүлж Монгол болгосон гэдгийг анхаарах хэрэгтэй байх. Гэхдээ одоо үндэстнээ шилжүүлэхийг хуулиар хориглосон байдаг байна. Би гэдэг хүн Эрээнээр л өвөр Монголчуудыг төсөөлж, тэдний тухай төдийлөн сайн мэддэггүй байлаа. Бидний нүдээр тэд яг ч л Монгол гэж харагдахгүй, харин Хятадуудын нүдээр тэд яг ч л хятад гэж харагдахгүй байсаар энэ цаг хугацааг илээжээ.

Баяртай, нүүдэлчин соёл минь!

Угтаа бол өвөрлөгч ах дүүс маань боржигон овгийн сүүлчийн хаан Лигдэнтэй энэ нутагт эзэн сууж, тулалдаж явсан цэрэг эрсийн үлдэгдэл аж. Тухайн үедээ (1600-аад оны үед) Монголчууд дотроо хуваагдаж байхад Лигдэн хаан Цахарын 8 аймгийг цахирдаг байж. Одоо цахарчууд Өвөрмонголын Шилийн голоор нутаглаж байна. Өвөрмонголын найман аймаг дундаа хамгийн тэгш хэллэгтэй Монголчууд гэж хэлж болно. Яриа нь халх Монголчуудад ойлгоход амар, манай нэг ястантай л ойролцоо ярина. Шилийн гол аймагтаа тэд мал аж ахуй эрхлэж, Герман хоньтой эрлийзжүүлэн цахар гэх мах, сүү сайтай өсгөлөн хонины нэгэн шинэ үүлдэр гаргаж түүнийгээ маллаж байна.

IMG_0486
Цахар хонь

Өвөрмонголын малчид 1982 онд газар хувааж өгснөөс хойш нүүдэлчин ахуйгаа орхижээ. Аймаг, хошууныхаа нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч малчдад олгосон газрын хэмжээ өөр өөр аж. Тухайлбал, өвөрмонголын 100 гаруй хошуунаас хамгийн монголжуу үлдсэн хошуу (хүн амынх нь 60 гаруй хувь нь Монголоор ярьдаг) Хөвөөт шард (Хөвөөт шар гэх нэрийг Манжийн тугаас санаа авч өгсөн гэх, Хөвөөгөөрөө шар эмжээртэй Манжийн туг намирч байдаг захиргааны хэсэг газар байсан учраас 300 гаруй жилийн өмнө ийнхүү нэрлэжээ) нэг малчин өрхөд 13 га газар(600*1000метр) ногдох аж.

This slideshow requires JavaScript.

Газрын төлбөрт улсаас жилд 1 ам.метр нь 1 юань төлдөг байна. Мөн малчин өрх амины орон сууц барихад зардлынх 50-60%-ийг улс гаргах аж. Миний очсон малчин өрх 72 сая төгрөгөөр (190 мянган юань) 6 өрөө, 97 метр квадрат байр барьж, түүндээ хоёр хүүхдийн хамтаар аж төрж байна. Энд байр харьцангуй хямд. Нэг ам.метр нь 1000 орчим юань. Оногдсон газраа 150 цахар хонио өсгөж, жилдээ 200 хонь зарж, түүгээр амьдрал ахуйгаа залгуулдаг гэлээ.

IMG_0490
Шар сүүний чихэр ирис шиг амттай

Хаашаалсан талбайд ямаа, тэмээ маллах бэрх учраас эндэхийн малчид голдуу хонь, адуу, үхэр маллах… Малын сүүнээс 22 нэр төрлийн цагаан идээ гарган авч түүнийгээ борлуулдаг байна. Намайг малчин айлд зочлоход шар сүүгээр хийсэн чихрээр дайллаа. Монголд байхдаа огт амсаж үзээгүй, сургийг нь ч дуулаагүй энэ чихрийг Монголоос хүн ирж зааж өгсөн гэх. Одоо мөн шар сүүний ундаа гаргах гэж байгаа талаарх мэдээ ч бас чих дэлсээд авав.

Хөвөөт шар хошууны төсвийг нь хариуцах нэгэн даргын хэлснээр төсвийнхөө 20 гаруй хувийг цалинд зарцуулдаг байна. Харин манайд төсвийн зардлыг 90 орчим хувийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулж байна. Мөн 50-60 хувийг нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулж, төсвийг ерөнхий дүнгээр биш ямар ажилд хэдий хэмжээний мөнгө зарцуулахаар нь баталж олгодог аж.

Монгол ахуйгаар мөнгө олох нь

Хятадад сурч байх хугацаанд “Би Монгол яваад ирлээ” гэж хэлэх гадаад найзуудын маань ихэнх нь үнэндээ өвөрмонгол руу явж түүгээрээ Монголыг төсөөлөх… Хэрвээ та Хөх хотод очиж байсан бол тэндэхийн барилга байгууламжинд Монгол ахуйг хэрхэн шингээж өгснийг анзаарч л байсан байх. Байшингаахаа оройг Монгол гэр шиг дугуйлж, байшин дундаа морьтой баатрийн хөшөө суулгаж, гудамж талбайдаа 7 метрийн өндөр тулга, дөрөө, чоно гээд Монгол ахуйтай холбоотой уран барималууд гудамж дагаад л урсаж өгнө дөө. Зөвхөн Хөх хотод ч байдал ийм биш бусад аймагт хүртэл Монголынхоо тухай баримал хийлгэх гэсэн хүсэлтэй хүмүүсийн захиалга манай хэдэн барималчдыг ажилтай болгожээ. Замд танилцсан нэгэн барималч залуутай очиж уулзахад хэдэн нөхдийн хамтаар өвөрмонголд баримал хийгээд 8 жил болжээ. Энэ хугацаанд Монголд жил ажиллаад олохгүй мөнгөө энд сар ажиллаад олж байна. Боломж гарвал аль болох олон барималчдыг Монголоос авчирч ажил хийлгэхийг боддог ч манайхан л болсон хойно ажиллаа булаацалдаж ханшаа унагаж байгаа сурагтай. Нөгөө л махны экспорт дээр гардаг жишээ.

IMG_0445
Хөх хот дэхь Монгол барималчид

Харин Монголчуудаар ажил хийлгэдэг зуучлагч хятад энэ ажлаас нэлээд мөнгө зохидог нь илэрхий. Манайхаар Bella Vista шиг барилгын нэг орцыг бараг бүхэлд нь эзэмшиж байгаагаас харахад өвөрмонголд Монгол соёлоор мөнгө олох ямар их зах зээл байгаа нь харагдах. Намайг очих үед Түмэн Шаньюг эхнэртэй нь хамт урлаж байгаа хэдэн барималч залуус, бас Анхуй мужаас ирсэн 30 тэмээ, 100 хүн хийх ажилтай барималч залуус сууж байлаа. Монгол залуус маань энэ ажилд хамтдаа зүтгэсэнгүй бас л хэсэг бүлэг болон хуваагдаж, хэдэн өвөрмонголын дор ажиллах…

This slideshow requires JavaScript.

Монгол барималчдын хийсэн зарим ажлаас та бүхэнтэй хуваалцахад ийм байна. Харамсалтай нь бүтээлийнх нь дор тэд өөрсдийнхөө нэрийг тавихгүй, хүнд захиалгаар зуучлагчаар дамжин ажил хийж өгсөн учраас энэ ажлыг би хийсэн гэж өөртөө болон хүрээллийнхээ ганц нэг хүмүүст л хуваалцах төдий…

Монгол, Хятадын ялгаа

Хэдий тэд Хятад пасспорттой ч гэсэн бодол, сэтгэл зүрх нь аашилж аяглах нь Монгол аж… Яагаад ч юм нэг тийм сэтгэл дотно мэдрэмж, өвөрмонголчуудтай уулзахад төрсөн билээ. Яг л байгалиараа нэг тийм эвдрээгүй өвөрмонголчуудыг би олж уулзсан минь азтай. Магадгүй Хятадад байхад Монгол гэж хэлэхэд хамгийн хүндэлж харьцсан хүмүүс тэд байх. Гэхдээ уулын мод урттай богинотой гэдэг шиг сайны хажуугаар саар нь бас байх аж. Эрээний Монголчууд бол зах зээлийнхээ зарчмаар хүнтэй ажиллаж, хэдэн зоосны ашиг унагаагаад сурсан байдаг байхад хөдөөний малчин Монголд тийм сэтгэл алга. Мөн зүүн нутгаар танхай, мафи маягийн бүлэглэл болсон өвөр монголчууд ч бас байх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг. Өвөрмонголчуудад хулхидуулсан монголчуудын яриа чих дэлсэх нь элбэгшиж…

Хятад хүн гурван зоос олоод хоёрыг нь хадгалдаг байхад Монгол хүн гурвууланг нь үрээд ахиад хоёр зоос зээлдэг гэх нэгэн яриа үнэний ортой санагдав.

Бас Замын-Үүд ороход Монгол хүн наймаа хийхдээ “Цайгаа аваарай!” гэж хамааруулж ирээд зарж байгаа нь өөриймсөг санагддаг шүү гэж өвөрмонгол хүн хэлэхэд л би гэнэт анзаарч билээ. Наймаа хийхдээ хүртэл бид хамаатуулж ярьдаг байхад Хятад хүн “Цай, Бууз зарж байна, надад тийм тийм юм байна. Тэдээр тэдийг заржийна шүү” гэж наймаа хийдэг аж. Жижигхэн зүйлээс ч соёлын ялгаа харагдах аж.

Бээжин, 03-р сарын 04

(Эрээн, Хөх хот, Хөвөөт шараар 2018.02.24-28)

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s