Азийн Америк – Korea

Уг нь би аялалынхаа тэмдэглэлийг буцах замдаа бичдэг заншилтай ч энэ удаад Бээжинд оюутны дотуур байрныхаа өрөөнд орж ирээд тэмдэлэлээ ийнхүү бичиж эхэлж байна. Анх удаа улсынхаа нэрийг гаргаж Ази оюутнуудын тэмцээнд хэдэн дүү нарын хамтаар амжилттай сайхан оролцоод ирлээ.

Солонгост очсон хоёр дахь, зорьж очсон эхний тохиолдол минь болж байгаа юм. Өмнө нь транзит нислэгийн үеэр ганц л хонож байсныгаа очсон гэх хэцүү очоогүй гэх хэцүү болохоор юутай ч энд дурдахаар шийдлээ. Энэ удаагийн аялал 03-р сарын 26-аас 04-р сарын 04-ний хооронд болж Солонгосын нийслэл Сөүл, Suwon, Jeong-Ju, Namwon, Ik-san зэрэг хотуудыг үзлээ.

Хятдад суралцдаг Монгол оюутнууд дундаас 2 баг бүрдүүлж Asian Students’ Venture Forum-д гэх тэмцээнд оролцоод ирж байгаа минь энэ. Солонгосын Korean Economic Daily сонины газраас зохион байгуулдаг энэ тэмцээнд Монголын баг гурав дахь удаагаа оролцлоо. Тэмцээний гол зорилго нь Ази оюутнуудад Солонгосын соёлыг сурталчлах, харилцан бие биеэнтэйгээ нөхөрлөхөөс гадна гол даалгавар нь ямарваа нэгэн бизнесийн шинэ санааг олж, түүнийгээ хөгжүүлэн бусдад танилцуулахад бэлтгэдэг. Энэ удаагийн тэмцээнд Сингапурын баг хоолны жорыг аудио хэлбэрээр танилцуулдаг аппликэйшн бүтээж, тэргүүн дээд шагнал 2000 доллар хүртсэн бол Тайваны баг Securetube буюу ганцаараа амьдардаг хүмүүс осол гэмтэл, гэнэтийн халдлагад өртсөн үед гэр бүл, ойр дотныхонд нь мэдээлдэг ээмэг, цүнхний оосор зэргийг танилцуулж шагналт байранд орсон. Мөн Индонезийн баг Electric handle буюу метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн бариулаас зогсож буюу хүмүүс татахад тэндээс цахилгаан үүсгэх боломжтой талаарх тооцооллыг танилцуулсан бол Филипиний баг гар утсаараа нүүрнийхээ арьсны онцлогийг тодорхойлох Swatch апп танилцуулсан. Харин Тайландаас оролцсон хоёр багийн бэлтгэл харьцангуй сайн хангагдсан байсны дээр шоу үзүүлбэр талдаа нэлээд сайн анхаарсан байсан. Тиймдээ ч хоёулаа шагналт байранд орсон байх гэж бодож байна.

Монголын багийн хувьд нэгдүгээр баг буюу манай баг олон сар санаа олох тухайд анхаарч ажилласны дараа хүссэн хүнтэй уулзалт товлож уулзаж, мэдлэг мэдээлэл солилцох боломжтой Omniscience цахим сайтыг, хоёрдугаар бол хуулийн зөвлөгөө өгдөг апп танилцуулсан юм. Тэмцээний гол онцлог нь таны санаа заавал хэрэгжсэн байх албагүй бөгөөд зөвхөн санаа төдийхөн байсан ч болохоороо давуу санагдсан.

Энэ тэмцээнд оролцсоноор юу сурч авав?

Товчхондоо бол өөрийгөө хөгширч байгааг мэдэрлээ. Мөн залуу доод үеийнхэн хэчнээн чадварлаг болохыг хараад өөрийгөө бас голох мэдрэмж төрлөө. Бас хэзээд өөртөө хэлдэг бэлтгэл муутай л бол битгий сайн үр дүн хүлээ гэдэг үгийн утгыг дахин дахин ухаж ойлгов.

Анх хотын телевизээр хөдөөний охин хөтлөгч хийж гарах боломж өгсөн Magic телевизэд ажиллаж байхад манай телевизийн захирал Амгалан ахын эхнэр Цацаа эгч байнга л залуугаараа байх юм шиг санаад гэдгэнэж годноод явж байхад чинь нэг л мэдэхэд чамайг хүмүүс эгчээ эгчээ гэж дуудаад эхэлсэн байдаг юм гэж хэлж билээ. Энэ тэмцээнд оролцохдоо би энэ мэдрэмжийг авч билээ. Тэмцээний бэлтгэл 12-р сараас эхэлж, багийнхан дундаа хамгийн ахмад нь шахуу болсон намайг бүгд л эгчээ гэж дуудаад эхэлж билээ. Эхэндээ бага зэрэг эвгүйрхэж байснаа сүүлдээ намайг хүндэлж байгааг нь ойлгоод ирэхээр дасаад эхэлдэг юм байна. Эгчээ гэж дуудуулдаг хүн илүү хариуцлагыг өөртөө үүрч явдаг юм байна гэдгийг ойлгож, надаар эгчээ гэж дуудуулахдаа эгч нар минь миний өмнө үлгэр дуурайл болох хүн нь байхыг хүсч, түүнийхээ төлөө хичээдэг байж дээ гэдгийг ойлгож билээ.

Нөгөө талаас миний уншиж мэдсэн, сурч судалж өөрийн болгосон зүйл маань яасан нимгэн байсныг бодохоос ч ичмээр юм шиг. Одоогийн хүүхдүүд ямар чадварлаг болоо вэ, бидний араас ямар мундаг хүч түрж орж ирж байгааг харах бахдалтай сайхан байсан. Дурын нэг хүүхэд утсаараа чадварлаг бичлэг хийж чадварлаг гэгч нь монтажлаад ядах юмгүй хоёрхон цагийн дотор богино хэмжээний кино хийж байхыг хараад бараг 10 жил шахуу сэтгүүлчээр ажиллаж өдөр бүр шахуу үүнийг хийж суусан би эвлүүлэг ч олигтой хийж чадахгүй, зураг ч сайн авчихаж чадахгүй байгаагаа анзаараад зураглаач, эвлүүлэгчийн чадвар эзэмшихээр шийдлээ. Бас анимэйшн, дизайн талын мэдлэгээ ч сайжруулах ёстойгоо ойлголоо. Ядаж л фотошоп дээр ажиллаж сурах хэрэгтэйгээ ойлгов.

Сурах ёстой зүйлс: 

  1. Илтгэх урлаг (Тархи угаах урлаг)
  2. Зураглаачийн чадваруудыг эзэмших
  3. Эвлүүлэг хийж сурах
  4. Дизайны татарах ойлголтоо дээшлүүлэх
  5. График дизайн, анимэйшн хийж сурах
  6. Кино зохиол, ном сайн унших
  7. Солонгос хэл сурахад их амархан санагдлаа.
  8. Старт-ап-ын санааг үнэлж, дүгнэж сурах

Үүнээс гадна илтгэлээ танилцуулчихаад Jeallobuk-Do Official Training Center дахь өрөөндөө амарч байхдаа яг жилийн өмнө эхлүүлсэн ажлаа орхиж болохгүй түүнийхээ төлөө явж тэмцэх ёстойгоо ухаарсан юм. Ямарваа нэгэн байдлаар шийдвэрлэж чадахгүй байгаа зүйлээ асуу хариулт нь ямар нэгэн байдлаар дохио болж чамд ирдэг. Харин түүнийг нь алдалгүй ойлгон, хүлээн авч тайлж унших л чухал гэж нэг найз минь хэлж билээ. Нээрээ тэр бяцхан ч гэсэн хичээл зүтгэл надад эхлүүлсэн ажлаа дуусгалгүй үргэлжлүүлээрэй гэх дохиог өгсөн. Би шинэ юм хийнэ, өөрийн гэсэн бизнестэй болно гэж ярьдаг хэрнээ миний эхлүүлсэн бизнесийнхээ хүрээнд хийнэ гэсэн ажлаа заавал хийх ёстойгоо ойлгосон. Өнгөрсөн оны нэгдүгээр сард нэг найз минь санал тавьж, би гурван найзын хамтаар Монголын Бизнес Хөгжлийн Корпорацийг байгуулж, ажил маань ихэндээ эрчимтэй өргөжиж сүүлдээ хөрөнгө оруулалтын асуудлаас болж түгжигдэхэд хүрсэн. Гэхдээ хэзээ ч битгий бууж өг гэдэг шиг би асуудалтай тулгарах үед зүгээр л би сүүлээ хавчаад зугтах гэж байснаа ухаарсан. Тэгж их хүч хөдөлмөр зарцуулсан ажлаа одоо хурднаар биш аажим аажмаар толгойдоо буулгаж бүрэн зураглалыг нь гаргах хэрэгтэйгээ ухаарлаа. Хүн бүхэнд энтерпрейнэр сэтгэлгээг суулгаж, хувиараа бизнес эрхлэх ажлыг эхлүүлж, тархи толгойгоо сайн самарч ухах хэрэгтэй юм байна.

Монголын Бизнес Хөгжлийн Корпорацийн санаа хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулж, түүнд байгаа мөнгөөр хувийн бизнесүүдийг ил тод нээлттэй байдлаар шалгаруулах байсан. Оролцогчдын хувьд бас бизнесийнх нь санааг хамтад нь хөгжүүлдэгээрээ давуу талтай байсан. Энэ ажлыг бүхэл бүтэн цогц систем хэлбэрт шилжүүлж, бизнесээ эхлүүлээд амжилт олохгүй яг хаанаа алдаад байгаагаа ойлгохгүй байгаа хүмүүст яагаад тусладаг байж болохгүй гэж. Энэ чиглэлээр ч бас өөрийнхөө хийх гэж байгаа ажлаа холбож уялдуулж өгч бас болно.

Сайн бод, өөртөөгөө сайн ярилц. Яг юу хийх гэж юунд зорьж тэмүүлж байгаагаа өөрөөсөө сайн асуу…

Яг бизнес санаа хөгжүүлж байгаа юм шигээр энэ ажлыг хийж болно. Яг тэгээд шантрах янзтай хэвтэж байхад энэ ажлаа битгий орхиорой гэж хэн нэгэн шивнэх шиг болсон шүү.

Миний нүдээр Солонгос

Бусад оронтой харьцуулахад арай олон Korean Drama, K POP энэ тэр гээд Солонгосын талаар би өөрийгөө бага сага юм мэднэ гэж бодож байлаа. Яг дунд нь ороод метронд нь чихэлдээд Солонгосчуудад мөрлүүлээд, өмссөн зүүснээрээ адлагдаад ирэхээр бас арай өөр л юм байна лээ.

This slideshow requires JavaScript.

Сайн муугаа эртхэн мэдэлцчихвэл амар гэдэг шиг. Солонгосчууд Япон, Хятадуудтай харьцуулахад хүнтэй харьцах талаар наад захын соёл байхгүй санагдсан. Арга ч үгүй биз. Азийн хэдэн улсаас Монголоос эхлээд л гүйж очоод хар бор ажлыг нь хийгээд байхаар хэдэн эрчүүд хүүхнүүд нь нүүр амаа гоёж гоодож, гадаад үзэмжиндээ анхаарахаас өөр юу хийх билээ. Хамгийн онцгүй санагдсан зүйл нь хүнийг өмссөн зүүснээр нь алагчилна гэж жигтэйхэн, хэрэгтэй хүндээ худлаа нүүр үзүүлж долгиноно гэж хачин янзын улс шиг санагдсан. Бусад улсаар аяладаг шигээ нөгөө аль биед эвтэйхэн хувцасаа углаж аваал хайнга дээрээ тааруулаад явсан хүн дэлгүүрт ороод нэг хувцас сонирхоод бариад авсан худалдагч нь уурлаад хөөж туугаад най алгаа чанга чанга дуугараад л андаш байхгүй муухай харьцаатай. Яахав сайн дотор саар гэгчээр би саартай нь тулгарсан байх.

Авах юм нь ажил хийж сурсан улс, сайн ч үйлдвэрлэдэг юм билээ. Нээх л том ажлын байр.

Сөүлээс хагас цаг гаруй яваад оччих Сувонд ажлын цагаар бараг гудманд нь хүн таарахгүй. Ажил тарах цагаар л хөл хөдөлгөөнтэй болж эхэлнэ. Асар том ажлын байр гэдэг нь аргагүй үнэн юм билээ. Амжиргааны өртөг бол бага зэрэг үнэтэй. Гэхдээ гудамжаар явах, алхах зугаалах, хоол хүнс зэргийг нь харвал Монголчуудад их тохирохоор. Надад бол амьдарч болмоор ганц хоёр жил амьдраад үзчихмээр л санагдсан.

img_4177.jpgОлон монголчууд байдаг гэсэндээ онгоцны буудал дээр шалганаар нэвтрэхээс эхлээд л автомат машин нь Монголоор ярьж эхэлнэ. Зүгээр л хальт очоод хэд хоноход гудамжаар явахдаа энд тэнд Монголоор ярих нь элбэг. Магадгүй Солонгос Монгол таунтай ганц газар ч байж болох. Гэхдээ үнэндээ тэр нь яг ч Монголчуудад зориулсан газар биш зүгээр л кирилл үсэгтэй орныхонд зориулсан үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээрээ онцлог байх. Караоке хоолны газар энэ тэртэйгээрээ давуу эх юмуу. Бүр сонин нь цагдаагийн газрынх хаяг, цагдаа нарынх нь ард Монголоор биччихсэн байх юм байна лээ. Одоо юу гэж ч ойлгомоор юм.

Газар нутаг жижигтэй гэсэн шиг жуулчдынх нь үзэх газар ч цөөхөн хоорондоо ойрхон алхаад л явчихмаар. Ямар сайндаа манай багийнхан метротой нь уралдаад л алхчих юм байна лээ гэж ярьж байхав дээ. Автобусных нь буудал нь хоорондоо зайтай, Метро нь Бээжингийнхээс удаан зогсдог, чиглэл нь бага зэрэг ойлгомжгүй. Гэхдээ Автобуснаасаа илүү метро нь хямдхан. Хоолны үнийн хувьд нэг хоол нь дунджаар 15–20 мянган төгрөгийн хооронд шүү. Азийн орон гэхэд харьцангуй их мах хэрэглэнэ. Япон, Хятадуудаас илүү шүү. Солонгос хэл сурах их амархан юм шиг санагдсан. Ихэнх үг нь харь хэлнээс Хятад, Англи хэлнээс зээлсэн үг шиг ээ.

Хятдад олдохгүй элдэв орны амттай шимттэй зүйлс, хужаа үнэргүй хувцасыг хямдхан олоод авчихаж болмоор. Нийгэм нь хүнээ гоё сайхан, царайлаг байлгахыг шаарддаг болохоор гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Гудамжаар дүүрэн элдэв гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүр, онгоцны буудал дээр буумагц л гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлэгийн реклам угтана. Саунд орох зуураа л 100 мянган төгрөгөөр хиймэл сормуус хийлгэчихэж байгаа юм чинь. Ер нь бол Солонгос руу хүмүүс хоёр л зорилгоор явдаг юм байна лээ. Нэг нь бол ажил хийх гэж, Нөгөөх нь гоо сайхны хагалгаа хийлгэх гэж.

This slideshow requires JavaScript.

Яахав авах юм нь хөрш Хятадуудаас илүү Монголын талаар сайн мэднэ. Хүмүүс нь ядаж л Хятад, Монгол хэлийг ялгаад сонсчих чадвартай байгаа юм чинь. Биднийг очих үеэр Хятад Солонгост эдийн засгийн хориг тавьчихсан улс орны нөхцөл байдал жаахан тиймхэн байсан ч Хятадууд бол Солонгост ихээр очдог юм байна лээ. Бас олон Солонгосчууд Хятдад сураад байгаад гайхах юм байхгүй. Хятадын сургалтын төлбөр нь Солонгосынхоос хямд тэгээд эдийн засгийн худалдааны гол түнш нь Хятад болохоор Хятад хэлтэй хүнийг англи хэлтэй хүнээс илүүд үзэж ажилд авах нь элбэг. Хачирхалтай нь Америкийн соёлын нөлөө их байсан хэрнээ хүмүүс нь англи хэлэндээ тааруу.

Хажууд нь Филипинчууд Англиар харин сайн ярина шүү. Бараг төрөлх хэлтэнээс дутахааргүй. Аль алинд нь л Америкийн соёлын нөлөө их байсан улс шүү дээ. За ер нь тэгээд Солонгос явах гэж байгаа хүмүүст бол нэрээ сайн хичээгээрэй л гэж хэлэе дээ. Цаадуул чинь нэг л их туйлдаж ядарсан буурай улсын хүмүүс ирээд л ажил гуйгаад байгаа хачин ядуу улс гэж ойлгоод л их өрөвдөнө шүү дээ. Нөгөө манайд Хойд Солонгосчууд ирж ажил хийхээр манайхан хэдэн хуушуураар аргалж байгаад л ажлаа хийлгэдэг шиг юм болно ш дээ. Ер нь бол нийтлэг ойлголт нь биднийг бол мэднэ. Гэхдээ нээх ядуу улс л гэж мэддэг юм шиг байгаа юм. Ядаж л Хятадууд шиг Монголын пасспорт хараад гайхахгүй, манай үндэстэн биш юмуу гэж асуухгүй нь сайхан юм даа.

Сувон хот дахь Жорлонгийн музей

Анимейшн музей – Сөүл хот

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s