БИ МОНГОЛОО ГЭЖ БАХДАМ ХЭЛЭХ МӨЧИЙГ ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭЦГЭЭЕ!

Тусгаар улс байхын учир нь хэл, соёлоо хадгалж хамгаалахад оршдог юм байнаа гэдгийг ухаж ойлгосон аялалаасаа би одоо буцаж байна.

Би, бид байхын учир үр минь үлдэх хорвоод хүн шиг л амьдарч, үр хойчдоо би Монголоо гэж бахдам хэлэх тэр л боломжийг ойлгоно гэдэг юутай том, бахархал, үнэлж барашгүй утга учир болохыг одоо л ойлгож байна. Хилийн дээс алхаж, тэнд амьдарч, сурч байгаа олон найз маань Монгол гэхээр мэддэггүй юм гэж хэлж байхыг олон сонссон ч энэ мэдрэмжийг өөрийн биеэр мэдэрч үзэхээр ямар хүнд байдгийг би одоо л ойлгож байна. Олон ч удаа гадаад дотоодоор явж байсан ч үүн шиг хүнд үетэй би тулгарч байсангүй. Энэ тэмдэглэлийн мөр, өгүүлбэрүүд хэсэг хэсгээрээ толгойд орж ирсээр, энэ мөчийг хүртэл исгэсэн бодлоо одоо буулгаж байна.

Энэ тэмдэглэлийнхээ эхэнд өчихөд зарим зүйлийг хэтэрхий хатуудуулсан бол зөв талаас нь хүлээн авч, аль болох ойлгохыг хүсье!

Энэ удаагийн аялал маань өвлийн эхэн сард тохиож, Хятадын Хенань мужийн Ченгжоу, Луохэ, Кайфенг, Аняань гэсэн дөрвөн хотоор аяласнаар өндөрлөж байна. Бээжингийн Багшийн их сургуулиас гадаад оюутануудад хэл соёлоо сурталчлан таниулах энэ аялалд надтай хамт манай сургуулийн 680 гаруй оюутан оролцсон юм. Яг одоо бид галт тэрэгний буудал дээр хурдны галт тэрэг хүлээн зогсоно. Бидний ихэнх нь анх удаа хурдны галт тэрэгэнд сууж үзэх гэж байгаа. Тэдний нэг нь би. Би буцах замдаа биш хүлээх зуураа тэмдэглэлээ бичих эхэлсэн минь энэ тэмдэглэлээ бичиж дуусаагүй байхад Бээжинд хүрчих вий гэдгээс айсан хэрэг.

Бидний эхэлж очсон хот Zhengzhou /郑州市/ хятаддаа эдийн засгийн чадамжаараа эхний 13-т ордог хотын нэг, жилдээ 117.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн Шаолингийн сүмээрээ /少林寺/ алдартай.

IMG_0186Манай эриний өмнөх 424 онд буддын сургаалийг түгэн дэлгэрүүлэхээр хятдад ирсэн Батоа лам анх үүсгэн өдий хүртэл энэ уламжлалаа хадгалж ирснээрээ хүн болгон мэддэг болж. Харин миний хувьд энэ сүмийг нөгөө кинон дээр гардаг нисч, дүүлдэг хүмүүсийн амьдарч, дасгал сургуулиа хийдэг газар л гэх ядмагхан ойлголттой байсан төдий. Сон уулын долоон өндөр оргилын нэг Shaoshi /少室/ тайгаас нэрээ авч, Шаолин гэж нэрлэсэн байна. Утгачилж орчуулбал Shaolin-ий сүм нь жижиг ой гэсэн утгатай юм байна л гэж чадмаг хятад хэлээрээ тунгааж сууна.

Одоо бас Википедиа ухаж очсон газрынхаа тухай судалж, аялалынхаа тэмдэглэлийг баяжуулж байна. Учир нь миний Хятад хэлний мэдлэг үнэхээр багадсан учраас надад өгсөн мэдээллийн аравны нэгийг л хүлээн авсан байх. Сүм гэдгийг би хувьдаа амар амгаланг олох газар гэж ойлгон, хүлээн авдаг. Харин Шаолингийн сүм надад бол өөрт байгаа нандин зүйлээ алдаж, их хөлийн газар болсон юм шиг санагдсан. Цирк ч юм шиг. Энд ирээд үзэх ёстой газар нь жижиг суварган ой.

Лам нарын үзүүлбэр нь сэтгэл хөдөлгөм сайхан болдог юм байна лээ. Гэхдээ тэд мэдээж нисэхгүй!!!

Үүний дараа бид Luohe /漯河/ гэх Хятадын жижигхэн хотод очсон. Газар тариалангийн тулгуур бүс энэ нутагт гадны хүмүүс тэр бүр ирдэггүй учраас халуун дотноор хүлээн авч, хэвлэл мэдээллийнхэн очсон газар бүрт дагаж байгаагааг харах бас л сүртэй. Би бас ажлаа санасан. Луохэгийн хувьд жижиг хот гэхэд хүн ам нь бараг Монголтой дүйхээр…

img_0431.jpgXu shen 许慎 гэх Хятадын алдарт философич энэ нутгийн уугуул. 9000 ханзтай Хятадын хамгийн анхны тайлбар толь Shuowen Jiezi /说文解字/-ийг зохиосон гэдгээрээ алдартай. Хятадад суу билэгтэй хүмүүсийг энгийн хүмүүсээс илүү зөн билэгтэй гэж үздэг учраас дөрвөн нүдтэйгээр дүрсэлдэг байна.

Үүний дараа бид 1800 гаруй хүүхэдтэй, 200 гаруй багштай Хятадын нэгэн бага сургуулиар орсон. Анги дүүргэлт нь манайхаас 2-3 дахин бага. Нэг ангид 15-20 хүүхэд суралцдаг. Цайны ёслол, таталган бичиг гээд өв соёлоо багаас нь тэр хүүхдүүдэд зааж сургаж байгаа нь бахархууштай ч юм шиг. “Хятдад ажил олох хэцүү, гэхдээ багшийн ажил бол харьцангуй гайгүй олдоцтой. Бээжингийн багшийн их сургуулийн хувьд төгссөгчдийн ихэнх нь ажилтай байдаг. Улсдаа эхний 10-т орох нэртэй сургууль шүү дээ” гэж Луохэд болсон галын наадмын үеэр өвгөн профессор надтай хуучилсныг сургуулийн талаарх тэмдэглэлдээ хавсарга болгоод оруулчихая. Харамсалтай нь надтай хуучилсан багшийнхаа нэрийг нь би тогтоож чадаагүй. Юутай ч 17-тойдоо ажилд ороод одоо 50 гаруй багшилж байгаа. Манай сургуулийн хамгийн ахмад багш гэж хэл соёлын сургуулийн захирал Ван багш түүнийг танилцуулсан. Арван жилд байхад хэл, уран зохиолын багш маань настай хүнээс үг сонссохын учрыг надад ойлгуулсан билээ. Ахмадын сургааль алт гэж…

Аялалын хоёр дахь өдөр бид хамгийн завгүй байсан. Орой нь орон нутгийн иргэд Хятад дуурь үзүүлж, түүнийхээ хажуугаар урлагийн хэд хэдэн үзүүлбэр үзүүлсэн. Чухам эндээс л миний эмзэглэл эхэлсэн дээ. Тайзнаа Хятад охидууд гарч уран нугарч, ёожир хөгжмөөр морьдийн төвөргөөнийг эгшиглүүлэхэд гадаад оюутнуудын цөс нь хөөрч, танхим дүүрэн алга ташилт нижигнэсэн. Харин би дотроо энэ чинь биднийх шүү дээ гэж битүүхэн гирэвшсэн.

IMG_0789

Бидэнд бидний гэх зүйл юу байгаа билээ? гэх бодол хөвөрч, улс орныхоо соёлынхоо төлөөлөгч болж чадахгүй байгаа өөрөөсөө ичсэн. Соёлынхоо өдөрлөгөөр өмсөнө дөө гэж бодож авчирсан бидний өдөр тутамдаа өмсдөг дээлийг манж захтай Хятадынх гэж Монгол нөхөд минь голох, Гадаад оюутаны танилцах үдэшлэгт очиход Хятадын үндэстний бүжиг гээд Өвөр Монгол охин монгол бүжиг бүжиглэх… Өвөр Монголд монгол бүжгийн багш ажилд авна гэх зар хөврөх, СУИС-ын багш нар Өвөр Монголчуудад бүжиг, дуу, хөөмий гээд бүгдийг зааж өгөх… Тэд биднээс суралцсан зүйлсээ тун чадварлаг эзэмшиж, өөриймшүүлээд Хятадынх гэж дэлхийд таниулах… Энэ бүхнийг би зүгээр л хараад өнгөрдөг байсан. Саяхныг хүртэл… Харин одоо надад хэцүү байна. Хятадын Монгол гэж дуудуулах үнэхээр хүнд байна.

Луохегаас гараад бид 13-р зууны үеийн Сон гүрний нийслэл Кайфенг хотод ирсэн. Тухайн үеийн нийслэлийг сэргээн засварлаж, жуулчид татах төв болгон хөгжүүлсэн байна. Хамт аялаж байгаа Хятад охин Кайфен тухайн үедээ дэлхийн хамгийн том хот байсан гэх… Тэгвэл бидний байлдан дагуулж байсан үед Чингис хаан мэдээж энэ хотыг эзэлсэн л байж таараа гэх бодлоор би хотыг дээрээс нь харж, тухайн үеийн нөхцөл байдлыг сэтгэлдээ ургуулахыг хичээсэн. Бас нэг эмзэглэл нь би Хархоринг яагаад хуучныхаар нь сэргээж, жуулчдад харуулж болохгүй гэж… Бид яагаад чаддаггүй юм бэ?

Эртнээс түнжин муутай байсан дайснаа бид ийм хүчирхэг болгочихоод өөрсдөдөө өчүүхэн байгаагаасаа ичмээр… Бид ярьсаар, харин тэд урагшилсаар…

Одоо биднийх л гэж санаж ирсэн торгоны зам шинэ торгоны зам гэж хэдийнэ галт тэрэг хөдөлсөн. Торгоны зам дагуух улсуудын хэл соёлыг Бээжингийн сургуульд Хятадууд сурч байна. Тэдний нэг нь Монгол хэл. Бидний очсон Кайфенг хотод ч бас шинэ торгоны замыг жуулчид хамгийн их очдог хотдоо танилцуулсан байна.

Энэ ч яахав!!! Угаасаа болох л байсан хэрэг. Кайфенд ирсэн орой манай багийн ахлагч Хятад охин гэрийнхэн нь зэргэлдээх хотод ирж байгаа “орой хамт явж хот үзүүлэе” гэлээ. Тэр орой л би жинхэнэ хүнд цохилтод орсон доо. Ээж, дүү, найз залуу, ах найз охинтойгоо хамт ирсэн байсан. Найз охин нь Харбиных болохоор Монголын талаар харьцангуй сайн мэдэж байлаа. Харин ээж нь огт мэдэхгүй. Бэр нь Монгол гэж тусдаа улс байдаг юмаа. Монгол руу явна гэвэл та пасспорт авна гээд л тайлбарлаж байгаа сонсогдсон. Ах нь та нар тэгээд ямар хэлээр ярьдаг вэ? гэж асуух… Нэг талаасаа тэд ерөнхий мэдлэг муутай ч юм шиг. Бид арай ч хөрш орноо тийм бага мэдэхгүй. Бид нэг Африкийн нөхрөөс асууж байгаа юм шиг л Монгол гэж огт мэдэхгүй байсан. Харин надтай хамт тэр орой Англи, Япон оюутанууд гарсан. Японоос Тоторо, тэр дуучин, танай энэ брэнд гэж ирээд асуух… Харин надад Чингис хаан, Хубилай, хоёр бөхтэй тэмээ гэж ярихаас өөр зүйл байсангүй. Өөрөөр хэлбэл бид соёлоо сурталчилж, дэлхийд өөрийгөө таниулах тухайд хол тасархай хаяагдчихаж… Нээрээ л надтай дэлхийн нэр нь гарсан дуучин гэхээр хэлэх хүн алга, дэлхийд гарсан брэнд гэхээр ч бас хэлэх юм алга… Бүр кино ч байхгүй шүү!!! Ийм байхад яаж биднийг Монгол гэж мэдэх юм бэ? Харин Хятадууд Өвөр Монголоо биднээс илүү сурталчилж, аялал жуулчлалын олон төвийнхөө нэг болгож байхад надаас хүн тэгж асуулгүй л яахав…

Тэр орой хамт гарсан нөхдийнхөө хамтаар Кайфен үндэстний хоолыг бид амсаж, тэд байгаа нэгэн тогоочтой хачин чигтэй яриа дэлгэв… Англи, Япон нөхөртэй сүрхий сайхан ярилцаад, дараа нь миний ээлж болж намайг танилцуулахад тогооч Хятад нэг юм хэлэхэд надтай хамт байсан хүмүүсийн царай хачин чигтэй болоод, хамт дагуулж явсан Хятад охин маань ч байдалд орж, би тайлбарлая гэсээр тогоочийн хойноос хөөцөлдөв. Би яг юу гэснийг нь сайн ойлгоогүй ч үнэндээ тэр дороо сэтгэлд нэг хар юм хурж, хүндүүрлээд л явчихсан. Одоо гадарлахнээ тэр Хятадын хандлага Монгол гэдгийг улс гэж хүлээн зөвшөөрөхөөргүй, чи Монгол байж Хятад хэл мэдэхгүй гэх өнгө аястай л байсан юм шиг…

Маргааш нь бид Аняанг гэх хотод ирж, Хятадын бичиг соёлын музейгээр орлоо. Тэд ахиад л Монгол бичиг… Томоос, тодоос тодоор бичээстэй. Хөтөч бүсгүй хажууд Хятадын үндэстнүүдийн бичиг гэж хэлэх… Би дэмий л энэ Монгол бичиг гэж тайлбарлах… Ахиад нэг гутамшиг. Тэгээд юу гэж байна гэхэд би “Их” гэх үгнээс бусдыг нь уншиж чадаагүй. Үнэн ичмээр…

IMG_0883

Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулая гэвэл эхлээд өөрийгөө хөгжүүл гэдэг юутай үнэн. Аялалынхаа үеэр бид бас хэдэн гадаадуудаараа нийлж караоке орлоо. Би хамт явсан Непалуудад хэлсэн. Харин бусад нь тэднийг жийх хандлагатай. Аар саар наагуур цаагуур явсаар байгаад Непалууд ч хамт гарах гэж байснаа болиод яваад өгөв. Тэднийг явсан араар нөгөө хэд маань тэднийг авч яваад хэрэггүй, тэд чадахгүй ш дээ гэлээ. Юутай хэцүү. Бид тэдний оронд байгаагүй нь аз. Гэхдээ муугаар бодоход ирээдүйд тийм юм болохыг үгүйсгэхгүй. Ямар азаар нэг ганц хоёр англи дуу гадарлаж, англиар нэг хазгай муруй ярьдаг байсан юм. Непалчуудыг энд байгаа бүх л гадаад оюутнууд нүд үзүүрлэнэ. Яагаад?

Автобусанд микрофонтой дуу дуулахад тэдэнд бүтэн мэддэг хятад дуу байсангүй. Надад ч байгаагүй. Тэд бас англи хэлээр тийм ч сайн ярихгүй, бид ч бас… Хүний хөгжил, биеэ авч яваа байдал зэргээс нь болдог юмуу? Бүү мэд…

Гэхдээ үр минь үлдэх хорвоод миний хүү хүний нутагт Монгол гэдгээсээ болж ад үзүүрлэгдэх тэр ирээдүйг бид үлдээж болохгүй!!! Үрийнхээ төлөө, өөрийнхөө төлөө, эх орныхоо төлөө эхлээд өөрийгөө хөгжүүл. Өөрийгөө хөгжүүл гэдгийг хөнгөн хийсвэрээр харвал юм юмны захтай байхыг хэлэхийн зэрэгцээ ядаж нэг зүйлийг хүнд заах хэмжээнд төгс эзэмшсэн байхыг л хэлэх юм байна гэж би бодлоо.

Бас аялалын үеэр төрсөн нэг санаа нь хэл бичгийн музей. Бид ч бас Монгол бичгээ музей байгуулах хэмжээний түүхтэй хүмүүс. Яагаад энэ Хятад хэлийг үүсгэсэн Canjia гэх нөхрийн оронд Тататунга байж болохгүй гэж.

Дүрс үсэг гээд ясан дээрх бичгээ үзүүлж байхад, бид яагаад хадны сүг зураг, дөрвөлжин бичиг энэ тэрээ үзүүлж болохгүй гэж… Хятад хэл дор хаяж 3500 жилийн тэртээ үүссэн, 30 мянга гаруй ханзтай гэх… Бидэнд ч бас үзүүлж, харуулах өдий төдий түүх байгаа.

Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа гэж түүхийн багш минь хэлдэг байж билээ. Түрүүн дурдсанчлан Монгол бичгээ уншиж, бичиж чадаагүй тэр мэдрэмж яг л ойд төөрсөн сармагчин шиг байсан. Би чадаагүй, сураагүйгээсээ ичиж байна. Хамгийн тэнэг нь ойд төрж, тэнд өссөн сармагчин хэзээ ч ойдоо төөрдөггүй л байхгүй юу?

Бидэнтэй хамт суралцдаг нэг Монгол нөхөр маань Хятадын зах зээлд танигдсан дуучин гаргаж ирэхийн чухалыг дурдаж байсан. Нээрээ л Монгол чинь Хятадынх ш дээ гэж маргахын оронд тэр дуучин чинь нээрээ Монгол ш дээ. Монгол гэж тусдаа улс байдаг юм байна лээ ш дээ гэж яривал хэчнээн сайхан. Өрөөний минь охин Солонгос охидууд солонгосоороо ярьж байхад хөөрхөн харагддаг гэж билээ. Харин нөгөөх нь та нар Монголоор ярихыг сонсох Дональд Дак шиг байх юмаа гэх… Ийм л ялгаатай байна ш дээ.

Бас нэг Хятадаас та нар яагаад Солонгосчуудад ингэж дуртай байдаг юм бэ? гэхэд Солонгосчуудыг мөнгөтэй загварлаг гэж хардаг гэж билээ. Зүйрлэж хэлбэл манай залуу үеийнхэний америкчуудад ханддаг шиг, аав, ээжийн үеийнхэн маань оросуудад ханддаг шиг тийм л нэг хандлага. Үр дүн бид ерөөсөө л өөрсдийгөө рекламдаж чадаагүй, өөрийгөө таниулах хичээлдээ олон улсын тавцанд тодоос тод, томоос том “F” авчихаж… Хаа ч явсан энэ бичиг биднийг дагаастай. Эхлээд намайг таньж мэдэхээсээ өмнө улсаар минь дүгнэж, үнэлж байна шүү дээ.

Бас нэг асуулт гарч ирсэн нь түүхийн аль үед гэдгийг мэдэхгүй ч Хятдад Өвөрмонголыг тасалж өгөхдөө өнөө үеийн хойчид чинь ингэж нөлөөлөх юм чинээ санаагүй л байхдаа өвөг дээдэс минь… Зүрх шимшрүүлсэн энэ шийдвэр хэдэн зууны турш хэчнээн Монголчуудыг зовоогоо бол!!!

Аняанаас Бээжин орох замд, хурдны галт тэргэнд

2016.11.10 21:30

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s