Panjing – Red Beach

Амьдрал бол аялал. Аялал бүхэн сургамж гэдэг юутай үнэн. Энэ аялалаас хэдий би тийм ч өндөр зүйл хүлээгээгүй ч 1 шөнө, 2 өдрийн богинохон аялал надад 2 л гол зүйлийг ойлгууллаа.

Аялалын маршрут: 北京-盘锦-天津-北京

Ахиад нэг аялалаас би буцаж явна. Гэхдээ ямар ч хувийн жолоочгүй, бидэнд тусад нь гаргаж өгсөн жолооч хөтөчгүй цор ганцаараа галт тэрэгэнд… Суудал дээр биш зогсоогоороо Тианжинаас Бээжин орохоор явж байна. Өмнөх аялалын тэмдэглэл бичиж байсан орчин нөхцөлөөс байдал эсрэгээрээ эргэсэн байдалтай байна.

Хятадад очиж үзэхээр гаргасан газрынхаа жагсаалтын 2 дахь газрыг үзчихээд буцаж байгаа минь энэ…

This slideshow requires JavaScript.

Эхнийх нь сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шиг төрсөн нутаг усыг минь хэн ч, хэзээ ч асуусан чин үнэнээр нь хэлж байх зоригтой боллоо би. Хятадад сурдаг найз минь тэднийг Солонгосчуудад хэчнээн сайныг шагширч ярьж байсныг санаад Панжины галт тэрэгний буудлаас буумагц тосч авсан эгчид Солонгос гэж хэлсэн нь аялалын турш сайхан тусламж, үйлчилгээ авахад хүргэсэн ч эх нутгаа худлаа хэлсэн нь надад тийм ч таатай санагдаагүй. Эцсийн мөч хүртэл худлаа ярьсаар. Тэр маань яг баригдах шахаж билээ. Аз таарч билет захиалах тэр мөчид бидэнд тусалсан эгчид пасспортоо гаргаж өгөхөд буудлын зохицуулагч 孙 англи хэл мэддэггүй нь биднийг аварсан гэх үү дээ. Гэхдээ л надад үнэхээр эвгүй байсан. Би хүний нутагт явж байхдаа ахиж хэзээ ч өөрийгөө өөр улсынх гэж хэлэхгүй. Энэ цагаас эхлээд би өөрийгөө нүүр бардам Монгол гэж хэлэх болно. Ахиж хэзээ ч худлаа ярихгүй.

2-рт миний ойлгосон нэг зүйл бол ядаж 2 удаа бүх зүйлийг нягталж байх. Энэ зүйлийг аялалын турш сурсан хичээл минь байв.

Эхнийх нь пасспортоо гээснээ мэдэх тэр мэдрэмж. Дотор жинхэнэ пал хийтэл авсан даа. Галт тэрэгний билет захиалгын танхимд сууж байгаад босохдоо пасспортоо орхиод явсан байгаа юм чинь. Аз болоход төд удалгүй мэдэж дээр дурьдсан эгчийн буянаар хурдан цагдаад хэлж, 2 цагийн дараа тэр хотоос явах байсан галт тэрэгний тасалбар, пасспортоо хурдан олж авч чадсан. Цагдаагийн хамт буцаж ороод касснаас асуухад миний пасспортыг тасалбар бичдэг хүнд олсон нэг нь өгсөн байсан.

Дараа нь дахиад л марталт. Яг саяных шиг нөхцөл шүү. Гэхдээ энэ удаа пасспорт биш усны саваа Тианжины цамхагийг үзчихээд бэлэг авах гэж байхдаа орхиод гарсан. Ахиад буцаж орж цаг алдсан.

galt tergendЭцэст Тианжинаас Бээжингийн галт тэргэнд суухын яг өмнөхөн болсон сандралт. Цамхагаас гараад бид таксины жолоочид 天津站 гэж хэлээд л суучихсан. Буугаад бас цагны зураг, Тианжины санхүүгийн төвийн зураг энэ тэрийг авсан шигээ байж байгаад явахаасаа 50 минутын өмнө 天津站-ы өмнөд хаалгаар ороход энэ биш 天津西站 байна ш дээ гэдэг байгаа. Эхлээд өөр хаалга юм санасан чинь өөр газар 7 км-ын зайтай байдаг газар болж таарсан. Сандарсан 2 гадаадыг хараад 2 дахин үнээр үйлчлэх гэсэн таксины жолооч багагүй цаг хугасалсан. Эцэст нь зам дээрээс такси бариад 10:50-аас манай галт тэрэг хөдөлнө гэж хэлэхэд бидэнд ердөө 40 минут л байсан. Жолооч ч хурдан явж, амандаа цагаа баримжаалсаар 10:25 гэхэд бид 2-ыг 天津西站 дээр буулгасан. Орж ирээд одоо л нэг амьсгаа авч суугаа минь энэ…

Ямар ч зүйлийг байнга нягталж шалгаж бай гэж эгч минь байнга хэлдэгсэн. Энэ удаагийн аялалаас авсан гол сургамж минь энэ байв. Харин үзэж харсан газрын тухайд бид Бээжин хотоос 600 км-ын зайд байрлах Panjin гэх Хятадын нэг жижигхэн хотын 红海 буюу Red beach-ийг үзсэн. Далайн эрэг гэх нэгдсэн нэг ойлголтыг энэ газар үнэхээр эвдэж чадсан. Гал ус хоёрын нэгдэл, гал халуун хайрын илэрхийлэл хэчнээн үзэсгэлэнтэй гэж санана.

Аялалын хувьд бид 2 Панжины галт тэрэгний буудлаас буугаад 150 юаниар тур компанийн аялалд хамрагдсан. Тэр нь ч зөвдсөн байна лээ. Хэрвээ өөрсдөдөө нийтийн унаа энэ тэрт суугаад явсан бол балрахгүй юу.

Аялалаар эхэлж үзсэн газар үнэндээ битүү шавар болсон газар байсан. Норжоо (хамт аяласан охины маань) бид 2 дотроо хэн хэн нь голонгуй байсан хэрнээ хэн нь ч түүнийгээ илэрхийлээгүй, байгаа байдлаа ойлгож, түүндээ дасан зохицож, нөгөө улаан харагдуулдаг ургамал нь хагдарчихаж дээ л гэж бодсон.

Гэхдээ бас тийм байгаагүй. Ахиад л нөгөө гүехэн бодол болж таараад бид нарыг жинхэнэ улаан арал дээр аваачсан. Тэнд ёстой л сайхан зураг авч өгсөн дээ. Энэ газрын гол зүйл нь seepweed гэх энэ ургамал.

Монголоор яг юу гэдгийг нь би хэлж мэдэхгүй. Бас 200 гаруй нэр төрлийн шувууд юм байна лээ. Очсон газраа бид эхлээд зэгстэй нууранд завинд 40 юань төлөөд явсан. Энэ яахав дажгүй л байсан л даа. Гэхдээ бидний сүүлд очсон газраас бага зэрэг цаашаа яндан энэ тэртэй газар луу явбал улаан эрэгээ завиар тойрч үзүүлдэг юм билээ. Дараагийн удаа өмнөх Бэйдайхэгийн Цагаан хэрмийн төгсгөл үзэх дээр энэ Улаан эргийг нийлүүлж аялалын чиглэл гаргавал далайн үзүүлэх сайхан аялал болох юм байна гэж бодсон, ярисан. Үүнийгээ ч ажил хэрэг болгоно гэж бид 2 тохирсон.

Дараа нь бид Тианжин орсон. Үнэндээ Панжинаас буцах тасалбар олдоогүй учраас нэг сумаар хоёр туулай буудсан азтай аялал болсон. Тианжин том хот байна лээ. Таксигаар сайхан зугаалсан. Их л өндөр өндөр барилгатай, олон гүүртэй боомт хот байна лээ. Хятадын хот, газруудаас хамгийн чухалчилж мэдээ болгож хийж байснаа би энд ирээд тодхон санасан. Тоёотагийн үйлдвэр дэлбэрсэн нэг хэрэг хэдхэн жилийн өмнө болж, олон нийтийн оролцоотойгоор мэдээ бэлтгэж, Монголын нэг компанийн ачаа тэр дэлбэрэлтэд өртөж байсныг сурвалжилж байснаа би тодхон санаж байна. Тэр мэдээнд их хөдөлмөр гаргаж бэлдсэн болохоор Тианжин хот надад нэг л сэтгэлд ойр санагдсаан.

Тианжинд 10-р сарын 6-ны өглөөний 6 цагт ирээд Тианжиний нүдийг бас 413 метр өндөр Тианжин цамхагийг үзлээ. Энэ миний хувьд 2 дахь цамхаг дээрээ гарч байгаа хэрэг болов. Эхнийх нь 2014 онд Торонто цамхаг дээр гарсан явдал. Тианжиныхтай харьцуулахад Торонто цамхаг үзэж харах юм ихтэй юм байна лээ. Аргагүй биз дээ дэлхийн хамгийн өндөр цамхаг болохоор. Гэхдээ энэ удаа надад төрсөн мэдрэмж Тианжин цамхагаас bungee jumping хийж үзвэл яадаг бол гэх бас нэг дүрсгүй бодол…

Бас энэ аялалаас анзаарсан зүйл бидний нөгөө дургүйцээд байдаг Хятадууд их тусч хүмүүс юм билээ. Хэлээ сайн сурч байгаад би тэдний тухай улам их зүйлийг мэдмээр, ярилцаад л баймаар санагдсан. Энэ аялалд галт тэрэгний буудлын эгч, хөтөч залуу, бас хамт аяласан Бээжинд ажилладаг камертай залуу, өглөө цай уухад биеийн өгүүлэмжийг минь ойлгоод хоолонд минь амтлагч авч өгсөн өвөө гээд их багаар олон хүн тус болсон. Мэдээж хамгийн их тус болсон хүн маань надтай 2 дахь удаагаа аялалд явсан Норжоо. Магадгүй Норжоо байхгүй байсан бол жагсаалтад багтсан газрынхаа тоог багасгахгүй байсан байх.

Аялах тусам би улам л аялах дуртай болж, хэрэглээгээ хянаж, хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авдаг зангаа багасгаж, аялалын төлөө мөнгө хадгалах хүсэлтэй болж байна. Төд удалгүй, ердөө 3 хоногийн дараа би Цагаан хэрэм явж жагсаалтынхаа тоог нэгээр багасгана.

Би аялах дуртай. Би дэлхийн бүхий л газарт өөрийнхөө мөрийг үлдээхийг хүсч байна.

Аялалын нийт өртөг 646 юань

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s